Уругвай шөвгийн наймын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Уругвай шөвгийн наймын эрхээ авлаа

Уругвай шөвгийн наймын эрхээ авлаа

Дэлхийн хошой аварга Уругвайн шигшээ баг өчигдөр Порт-Элизабет хотноо Өмнөд Солонгосын багийг 2:1 харьцаатай буулган авснаар 40 жилийн дараа дэлхийн аваргын шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

Багийнхаа ялалтыг тунхагласан хоёр гоолыг хоёуланг нь Луис Суарес оруулжээ. Тэд шөвгийн наймд Ганын багтай тоглох юм. Ганын багийн тухайд мөн өнгөрсөн шөнө АНУ-ын шигшээг нэмэлт цагт 2:1 харьцаатай хожсон байна.

Уругвай анхдугаар дэлхийн цомын тэмцээнийг нутагтаа зохион байгуулж, аваргалсан бөгөөд хожим нь 1950 онд Бразилд болсон дэлхийн аваргаас мөн “Алтан дагина” хүртсэн юм.

Дасгалжуулагч Оскар Табарезаар удирдуулсан уругвайчууд энэ жилийн дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаас хамгийн сүүлд Өмнөд Африкийг зорих эрхээ авсан боловч өдгөө шөвгийн наймд шалгарсан анхны баг болоод байна.

Тоглолтын дараа ноён Табарез “Бид гурван сая хүн амтай улс. Бид удаан хугацаанд үүнийг хүлээсэн, харин өнөөдөр тэр хүсэл маань биеллээ. Бид дэлхийн шилдэг найман багийн нэг боллоо шүү дээ” гэжээ. Тэрбээр мөн “Солонгосчууд сайн тоглолт үзүүллээ. Үүнээс харахад хөлбөмбөгийн спорт дэлхийн аль ч улс оронд тэнцвэртай байдлаар хөгжиж байна” хэмээн ярьжээ.

Хоёр багийн тоглолтын найм дахь минутад Уругвайн довтлогч Суарес өрсөлдөгч багийнхаа сул хамгаалалтыг ашиглан гоолын салхийг хагалсан боловч 68 дахь минутад хаалгандаа тэмцээний бөмбөгийг алджээ. Мөн л хамгаалалт султай байснаас алдсан энэ гоол Өмнөд Африкийн ногоон зүлгэнд хаалгандаа алдсан анхных нь гоол байв. Тоглолтын эхний гоолыг оруулснаас хойш ерөнхийдөө хойшоо татаж тоглож эхэлсэн уругвайчууд тооны харьцаа тэнцсэний дараа довтолгоондоо илүү анхаарах болж, улмаар тоглолт өндөрлөхөөс 10 минутын өмнө Суарес багтаа ялалтын гоолыг авчирчээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж