Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын албан ёсны байгууллага болох Артерийн гипертензийн холбооны (World Hypertension League) санаачилгаар анх 2005 оны тавдугаар сарын 14-нд Дэлхийн Гипертензийн өдөр буюу артерийн даралт ихсэн өдрийг тэмдэглэх санаачлагыг өрнүүлсэн ба улмаар энэ өдрийг уламжлал болгон жил бүрийн энэ өдрийг дэлхий дахинаа “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж иржээ.
Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Статистик судалгаанаас харахад дэлхий дахинаа арван хүн тутмын 3 нь, харин Монгол Улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь Артерийн даралт ихсэх өвчинтай аж.
Ойролцоогоор 1.8 тэрбум даралт ихсэх өвчтэй хүний 50 орчим хувь нь энэ өвчний талаар тодорхой ойлголтгүй явдаг ба цусны даралтаа хэвийн байлгахын тулд эмчилгээний ямар нэгэн арга хэмжээ огт авдаггүй гэх тоо баримт байдаг аж.
Дэлхийн нийтээр өнөөдөр “Өөрийнхөө цусны даралтыг мэддэг болъё” уриан дор “Олон улсын даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдрийг” тэмдэглэн өнгөрүүлэхээр товлосон байна.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин Олон улсын Актавис компанийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Улаанбаатар хотод өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачлага гаргаж, ЭМЯ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, Монголын Зүрхний Холбоо, Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоо зэрэг байгууллага хамтран маргааш буюу тавдугаар сарын 18-ны ням гаригт “АСА” циркийн хойд задгай талбайд 12.00-16.00 цагийн хооронд иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, өрхийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран иргэдэд цусны даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар хэмжих зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийн цусны даралт ихсэх хандлагатай иргэдэд зөвлөгөө өгч уг өвчний талаарх мэдээлэл багтаасан гарын авлага, зурагт хуудас тараах аж.
Б.ЭНХ