Уул уурхайн яамнаас өнөөдөр Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаа аж. Арга хэмжээнд Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Геологийн хүрээлэн зэрэг төрийн агентлаг, газрууд, Монголын уул уурхайн үндэсний ассосиаци, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгой” зэрэг байгууллагууд тус тусдаа асар засч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг яамны өдөрлөгт оролцож буй байгууллага бүрээр очиж, танилцсан бөгөөд энэ үеэр түүнээс өдөрлөгийн талаар тодрууллаа. Тэрээр “Засгийн газрын үйл ажиллагааны бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, бодлогоо танилцуулах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна. Манай компаниуд идэвхитэй оролцож байна. 2012 оны сонгуулийн өмнө уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин нэлээд тогтворгүй байсан. Тэр асуудлыг засч залруулаад дуусч байна. Сар бүр статитистик үзүүлэлт гарч байгаа. Салбарын хувьд илт сайжирч байгаа. Өнөөдөр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн нь өнөөдөртөө гардаггүй. Энэ оны төгсгөл гэхэд харин тодорхой бодит үр дүн гарсан байх болно” гэсэн юм.
Мөн өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй байгууллагуудын төлөөлөл болсон Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхноос салбартай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниуд болох “Монполимет”, “Алтан Дорнод”, “Мондулаан” зэрэг 40 гаруй алт олборлогч компани, 10 гаруй ханган нийлүүлэгч компанийг эгнээндээ нэгтгээд буй уг холбооны Ажлын албаны дарга С.Бүрэнтогтохоос салбарын бодлого, холбооных нь үйл ажиллагааны талаар тодруулсан юм. Тэрээр “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо 2013 онд байгуулагдсан. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих гэсэн хоёр үндсэн зорилгын хүрээнд ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын алтны салбарт хууль эрх зүйн болон эдийн засгийн тааламжтай орчин бүрдүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Үүний нэг жишээ гэвэл, алтны нөөц ашигласны татварыг бууруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагууд, Засгийн газар, хууль тогтоох байгуулагатай хамтран ажилласны үр дүнд татварын орчин сайжирч, нөөц ашигласны төлбөр 2,5 хувь болж буурлаа. Ингэснээр энэ салбарт ил тод худалдааны систем бий болно. Төр засгийн хувьд ч татварынхаа орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Төрийн байгууллага маань цаашид салбарын яамд хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлагатай байгаа” гэсэн юм.
Б.ЭНХ