Д.Батжаргал: Ханш тогтворжино гэдгийг баттай хэлье

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Д.Батжаргал: Ханш тогтворжино гэдгийг баттай хэлье

СЭЗДС-ийн дэд захирал Д.Батжаргалтай уулзаж ханшийн асуудлаар ярилцлаа.

-Ам.долларын ханш чангарсаар 1800 хүрчихлээ. Цаашид яах бол гэсэн хүлээлт хүн бүрт байгаа байх. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол руу орж ирдэг гадаад валютын урсгал эрс татарч долларын ханш чангарах суурь шалтгаан болж буйг бид мэднэ. Оны хоёрдугаар улирлаас барилга бүтээн байгуулалт, бизнесийн ид цаг эхэлдэг. Үүнтэй уялдаад бараа бүтээгдэхүүний импортоор дамжин гадагшаа гарах валютын урсгал нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд гарах урсгал эрс багасчихлаа. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт сайжирч байгаагийн илрэл. Барилгын салбар дээр нэг жишээ дурдахад Хөтөлийн цемент шохойн үйлдвэр шинэ технологийн дэвшил хийж жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж дотоодын импортын хэрэгцээний 50 хувийг хангах боломжтой боллоо. Цаашид энэ улам өргөжиж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох юм. Энэ мэтчилэн экспортыг орлосон үйлдвэрлэлүүд улам өргөжөөд ирэхээр валютын гарах урсгал улам л багасна. Үүн дээр нэмээд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээд, орох урсгал сайжирвал ханш тогторжино гэдгийг баттай хэлье.

-Таны хэлсэнчлэн ханшийн өсөлтөд валютын орох урсгал багассан нь нөлөөлсөн. Үүнээс өөр юу нөлөөлж байна вэ?

-Одоо байгаа ханш бол эдийн засгийн нөхцөл байдалтайгаа улядан тогтож буй ханш. Түүнчлэн иргэдийн хүлээлт ханшид маш хүчтэй нөлөөлж байна. Монгол улсын иргэд бүгд эдийн засагчид биш шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л мэдээлэл авч байгаа.  Харин улс төрийн шинж чанартай, ханш өснө гэсэн агуулгатай мэдээллүүд хүлээлтийг эвдэж байна.

-Монголбанк оролцсоноор ханш 1810 хавьцаа тогтворжиж байгаа дүр зураг зах дээр харагдаж байна.  Ер нь Төвбанк ямар зорилгоор интервенци хийдэг юм бэ?

-Төвбанк долоо хоног бүр захад интервенцээр оролцдогийг бид мэднэ. Гэхдээ үүний зорилго нь ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх явдал. 1500-аас 1600 болтол огцом харайлгахгүй гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш ханшийг тогтмол барих гэсэн үг огтоос биш. Хүмүүсийн хүсээд байгаа шиг Төвбанк бодлогын бусад арга хэрэгслээ ашиглаад ханшийг барьж болно. Тухайлбал, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх замаар. Гэхдээ энэ нь эдийн засаг, бодит секторт маш хүндээр тусна. Үнэхээр ханшийг хүчээр тогтоовол үйлдвэрлэлийг дэмжих бодлогын эсрэг болж эргээд ухралт хийнэ гэсэн үг. Ханш эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ нийцэж уян хатан  тогтох учиртай.

-Ярилцсанд баярлалаа

Б.ТАЙВАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж