Биеийн хэл нь бичгийн эсвэл ярианы хэлтэй адил, тодорхой хөдөлгөөнүүд тогтсон утга агуулдаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Үнэндээ биеийн хэл бол түүнээс ч ярвигтай зүйл юм. Мөн биеийн хэлэмжийг хэрхэн ойлгох нь тухайн нөхцөл байдлаасаа шалтгаална. Зарим биеийн хэлэмжүүд тодорхой хариу үйлдлийг гаргуулах чадвартай бөгөөд танд сонирхолтой таван хэлэмжийг хүргэе.
1. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зогсолт.
Супер баатруудын зогсолт буюу гараа ташаан дээрээ авч, хөлдөө зайтай зогсох, эсвэл “захирал” пооз болох хөлөө ширээн дээр тавьж, гараа толгойныхоо ард авах нь таны тестостероны түвшинг өсгөж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагджээ.
2. Харцны хүч.
Хэн нэгэн рүү ширтэх нь хүний хувийн орон зайд халдаж буй “дайралт”-тай адил нөлөө үзүүлдэг. Удаан хугацаанд ширтэх нь заналхийлэл гэж хүртэгддэг. Бид танихгүй хүнтэй харц тулгарвал харц буруулах нь боловсон үйлдэл шүү дээ. Гэхдээ ердийнөөс арай удаан ширтэх нь сээтэгнэл гэж харагдаж болно. Дурлалт хосуудын хувьд бие биен рүүгээ ширтэх нь хэр их хайртайгийнх нь хэмжүүр болж чаддаг.
3. Хүний хувийн орон зай руу халдахад өдөөлт бий болгодог.
Бид бүгд л өөрсдийн хувийн орон зайг агуулсан “давхрага”-аар өөрсдийгөө тойруулдаг. Хэн нэгэн тэр “давхрага” руу орж ирэхэд бид тодорхой хэмжээний өдөөлт мэдэрдэг. Мэдээж тухайн нөхцөл байдал тэрхүү өдөөлтөд бидний хэрхэн хариу үзүүлж, хүлээн авахыг тодорхойлно. Хэрэв бидний орон зайнд нэвтэрч буй хүн дур булаам байвал өдөөлтийг эерэгээр хүлээн авна – таалагдах, шохоорхох гэх мэтээр. Харин тэр хүн аюултай, танихгүй хүн бол сөргөөр хүлээн авна – айдас, уур, бухимдал гэх мэт.
4. Хүрч, шүргэлцэхийн нарийн чадвар.
Зоогийн газруудад хийсэн судалгаагаар үйлчлүүлэгчдээ зөөлхөн хүрдэг зөөгч нар бусдаасаа өндөр цайны мөнгө авч байжээ. Зөөлхөн, түрэмгий бус хүрэлцэх нь таалагдаж буй дохио өгч, бусдаас эерэг хариу үйлдэл хүлээн авдаг.
5. Инээмсэглэх, инээмсэглэж буй дүр эсгэх нь ч аз жаргалтай болгодог.
Инээмсэглэж буй царай гаргах нь үнэхээр аз жаргалтай мэдрэмж бий болгодгийг судалгаа харуулжээ. Инээмсэглэх үед бий болдог нүүрний булчингуудыг идэвхжүүлэх нь аз жаргалтай дурсамжийг сануулдаг байна. Иймд инээмсэглэ, та илүү эерэг болох болно.
Ц. Цэрэндолгор
Эх сурвалж: www.setgel.org