Сайншанд аж үйлдвэрийн паркад 200 сая ам.доллар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Сайншанд аж үйлдвэрийн паркад 200 сая ам.доллар хэрэгтэй

Олон жил хөрөнгө санхүү, шийдлээ олж чадахгүй байгаа Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт хүн үйлдвэрийн парк байгуулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлэхээр яриа хэлцэл хийж буй. Энэ талаарх тодорхой мэдээллийг өгөхөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК –ийн албаныхан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гангийн үйлдвэрлэлд тулгуурлах бөгөөд дагуул хэд хэдэн үйлдвэрийг байгуулах ажээ. Хүнд үйлдвэрүүдийг усны нөөцөөр ядмаг говийн бүсэд байгуулах нь мөрөөдөл мэт боловч шаардлагатай усны нөөцийг шинэчлэн тогтоосноор том асуудал шийдэгдэж, бүтээн байгуулалтын гэрээ, хэлцлийн ажлуудаа хийж дуусч байгаа ажээ.

Цогцолборт гангийн, кокс хими, аргалж хорголжийн, зэс хайлуулах үндсэн үйлдвэр байгуулах бөгөөд тус бүрдээ 10-20 дагуул үйлдвэртэй байхаар төлөвлөсөн талаар албаныхан дуулгалаа. 

Цогцолбор байгуулахад гангийн үйлдвэрт 5.5 тэрбум ам.доллар, дэд бүтцийг хөгжүүлэхэд 2 тэрбум ам.доллар нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаарх урьдилсан тооцоо гарсан байна. Үүнээс төр засгаас зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих  200 сая ам.долларын санхүүжүүлэх хэрэгтэй талаар албаныхан онцолсон. Хэрэв энэ санхүүжилтийг шийдвэрлэвэл бусад үлдсэн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн хөрөнгөөс шийдэх боломж бий ажээ. Өөрөөр хэлбэл, 200 сая ам.долларын санхүүжилтийг Сайншандын аж үйлдвэр байгуулах дэд бүтцэд төрөөс хөрөнгө оруулвал дараа жилээс шууд бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой юм байна. Уулзалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ганболд “Оюутолгой төслийг санхүүжүүлэхээс хоёр дахин бага зардлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлсэн бол эцсийн ашиг нь яг ижил тэнцүү байх болно” гэж хэлсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж