АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.05.16/ АНУ-ын Конгрессын гишүүн Стив Шабот, Стефен Линч болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүн байлцлаа.

Ноён Стив Шабот хэлэхдээ, Монгол Улс Өмнөд Судан, Косово, Ирак, Афганистан зэрэг орнуудад энхийг сахиулагчдаа илгээж Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нэр хүндтэй оролцсоор ирсэн. Цөөхөн хүн амтай хэдий ч энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс онцгой хувь нэмэр оруулж буйд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улс бол ардчиллыг хөгжүүлж буй үлгэр жишээ орнуудын нэг хэмээн онцлон тэмдэглэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Конгрессын гишүүн Стив Шабот, Стефен Линч болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл нартай уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын  энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлж буйд талархлаа илэрхийллээ. Мөн Монгол Улс болон АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх боломжтой хэмээн онцлов.

Монгол Улс АНУ-тай 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш улс төрийн болон эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж буй юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж