Төв цэнгэлдэхийн засвар ирэх сарын 8-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхийн засвар ирэх сарын 8-нд дуусна

Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажил эхлээд байгаа билээ. Засварын ажил ирэх сарын 8-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ жилийн наадамд зарцуу­лах 632 сая төгрөгийн 100 саяыг Зас­гийн газраас, 198 саяыг Нийслэлийн төсвөөс, 248 сая төгрөгийг наад­мын үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэхээр тооцоод байна. Засгийн газраас гаргасан 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий Хүй долоон худаг дахь морь барианы газрын Ү, Г зөвшөөрөл хүрэх 3.6 км хатуу хучилттай замыг “Ялгуусан”, “Пауэр ложистик”, “Төгс зам” компани гүйцэтгэж байна.
Наадмын талбай болон морь барианы газарт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 500 гаруй аж ахуйн нэгжид өгөх бөгөөд гар дээрээс үйлчилгээ, худалдаа эрхлэхийг хоригложээ. Одоогоор баяр наад­мын хөтөлбөр эцэслэн гараагүй ч ирэх сарын 10-наас баярын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр төрийн далбаа мандуулах ёслол бол­но. Мөн уламжлал ёсоор Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

Наадмын нээлт ирэх сарын 11-ний өдрийн 11.00 цагт эхлэнэ. Мөн өдрийн орой Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын цэнгүүн” нийтийн цэнгүүн болох гэнэ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй талын суудал 20 мянга, наран талынх 10 мянган төгрөгийн үнэтэй байхаар тооцож байна.
20 мянган төгрөгийн тасалбар худалдаж авсан тохиолдолд сүүдрэвчтэй суудалд тухлан 11,12-нд төв цэнгэлдэхэд болох бүх арга хэмжээг үзэх эрхтэй аж. Харин 10 мянган төгрөгийн тасалбар худалдаж авсан тохиолдолд сүүдрэвчгүй 11,12-ний өдрийн хөтөлбөрийг үзэх эрхтэй болох юм. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын 3000 гаруй ажилтан дэг журам сахиулж, мэргэжлийн хяналтын 1000 гаруй хүн хяналт тавихаар болжээ. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт бие засах газар, био жорлонг хангалттай байхаар тооцжээ. Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар хэвлэл, мэдээллийн 700 гаруй байгууллага одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж