Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзаж байх үед МАН-ын зарим гишүүд өрөөнд нь дайрч орсон байна. Тэд авлигын хэргээр хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ амиа алдсан Д.Амарсайханы асуудлаар Ерөнхий сайдад мэдэгдэл гардуулахдаа ийнхүү бүдүүлэг загнасан бололтой. Талийгаачийн асуудал ганцхан МАН-ынхныг ч эмзэглүүлж буй юм биш. Энэ талаар бүх л хэвлэл мэдээлэл, олон нийт анхаарлаа хандуулж, эрүүдэн шүүгч нарт хариуцлага тооцохыг уриалж буй.
Тус намын бага хурлын гишүүн хүн төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байхдаа амиа алдсан нь тэдэнд харамсалтай байгаа нь мэдээж. Гэхдээ талийгаачийн үхлээр МАН-ынхан бас нэгэн улс төрийн “шоу” хийх нь хэр зохимжтой үйлдэл вэ. Өөрөөр хэлбэл, талийгаач юунаас болоод амиа алдав гэдгийг асууж тодруулахыг хүссэн бол ядаж л шинжилгээний хариу яаж гарахыг нь тэвчээртэйгээр хүлээх байсан биз. Хүн чанар, ёс жудаг талаасаа хэн нэгний үхлээр аль нэг нам улстөр хийх нь зохимжгүй.
МАН-ын гаргаж байгаа зан авир, үйлдлээс харахад хэрэг явдалд хэн буруутайг тогтоох нь тэдэнд чухал бус энэ сэдвээр жаахан улстөр хийхээр оролдож байна уу гэлтэй харагдаж байгаа. Тиймээс хүнлэг ёсны үүднээс зөвлөхөд МАН бусдын үхлээр шоудахаа зогсоо. Тэртээ тэргүй бүх л хэвлэл мэдээлэл, сонин сайт энэ хэрэг юунаас болсон, талийгаач амиа алдах шалтгаан нь юу байв, хэн буруутай вэ гэдгийг олж тогтоохыг чин сэтгэлээсээ шүүх, прокурор, АТГ-ынхнаас шаардаж байгаа шүү дээ.
Н.ХҮСЛЭН