МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзаж, шаардлага өглөө. МАН-ын бүлэг өнөөдөр албан бусаар хуралдаж, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдаанаас улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг сануулж, шаардлагыг 10 хоногийн дотор биелүүлэх шаардлага хүргүүллээ. Шаардлага өгөхдөө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын дарга М.Энхболд нар Ерөнхий сайдад урьдчилан мэдэгдэхгүйгээр дайрч орж ирлээ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.
МАН-ын дарга М.Энхболд “Сүүлийн үед УИХ дээр хэлэлцэж байгаа асуудлууд тодорхой шийдлээ олохгүй, өргөн барьсан хуулийн төсөл батлагдахгүй байдал үүсээд байна. Үүнээс болж сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ тодорхой үо дүнтэй шийдвэр гаргаж, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй байдал бий болж байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж МАН-ын бүлэг үзсэн. Эдийн засаг хүндэрсэн, валютын ханш 1800 гарчихсан байгаа байдалд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж ажиллахгүй байна гэж дүгнэсэн. Мөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа улстөрийн хүрээнд байгаа талцал хуваагдлын нэгэн адилаар тодорхой бүлэг хүчнийхэнд үйлчлэх байдлаар ажиллаж байна. Түүгээр зогсохгүй хууль хяналтын байгууллагад төрийн хамгаалалтад байсан хүн амь насаа алдах тохиолдол ч гарч байна. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой эдийн засаг, хууль хяналтын байгууллагын нөхцөл байдалтай холбогдуулан 10 хоногийн дотор Засгийн газрын тэргүүн хариуцлагагүй ажилласан хүмүүстээ хариуцлага тооцож, төр засгийн ажлыг чамбайруулж ажиллахыг МАН-ын бүлгээс шаардаж байна” хэмээн шаардлагаа хүргүүллээ.
Бүлгийн шаардлагыг хүлээж аваад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүлгийн шаардлагыг уг нь ингэж гардуулдаггүй юм л даа. Шаардлага яаж өгөх нь та нарын ажил байх. Гэхдээ жаахан зохимжгүй байна. Таны хэлснээр сүүлийн хоёр сар УИХ ажил хийлгэхгүй байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ “давхар дээл”, нэг сайдыг огцруулах асуудал л ярьсан ч аль аль нь хэрэггүй юм байна гэж ярьлаа. Үүнийг чинь надтай юм уу, Засгийн газартай холбож, шаардаж байна. Буруутан хайхаас илүү улс эх орны, ард түмний амьдралын төлөө санаа тавьж байгаа бол нэгэнт та нар дуу хоолойгоо оруулаад өгөөч ээ. Би танай намын бүлэг дээр очиж мэдээлэл хийе гэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр санал тавьсан. Гэтэл одоо болтол танай бүлэг мэдээлэл авах сонирхолгүй байна. Тэгэхээр бидний хооронд Монгол улсын төлөө ажиллагаа явах вэ. Нэг бол тулган шаардсан бичиг, сайд огцруулах бичиг эсвэл олон түмэнд худлаа мэдээлэл цацдаг ажиллагааг тасралтгүй хийж байна та нар. Бид танай намын шаардлагыг хүлээн авч, нягтлаж үзье. М.Энхболд дарга та намын дарга болсноос хойш зохимжгүй үйл ажиллагаа явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд ярих юмыг гудамжинд яриад байх жишээтэй. Нэг л Монгол Улс, ард түмэн, эдийн засаг байгаа учраас хамтарч ажилламаар байна. Нэг нь нөгөөгөө гутаан доромжлох байдлаар ингэж явах нь зохимжгүй байна. Бид хоорондоо ингээд чалчаад яваад байх нь эдийн засгийн байдал муудна. МАН-д эдийн муу байх нь ашигтай юм уу. Монгол Улсынхаа төлөө хамт ажиллая” гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “МАН-аас надад хэдхэн минутын өмнө Ерөнхий сайдтай уулзна гэсэн албан бичиг өгсөн. 13.30-д уулзана гэдгээ хэдхэн минутын өмнө хэлсэн. Ерөнхий сайд гадаад уулзалттай байснаа орж ирээд шаардлагыг чинь авч байна. Би өнөөдөр өглөө МАН-ын бүлгийн дарга М.Бямбацогтыг хүлээн авч, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн зарим заалтыг хэрэгжүүлэхэд МАН-ын туслалцаа хэрэгтэй байгаа талаар ярилцсан. Тогтоолын юу нь болохгүй байгаа, болж байгаагаа хамтраад ажиллая гээд ярилцаад өнгөрсөн. Энэ чиглэлээр аль аль тал нь хамтраад ажиллана гэсэн. Тиймээс хамтраад ажиллая. Шаардлагатай холбоотой асуудлуудын талаар МАН-ын бүлэг шиг Засгийн газрын гишүүд ч санаа тавьж ажиллаж байгаа” гэлээ.
МАН-ын бүлгийн дарга М.Энхболд “Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлыг оруулж ирлээ. Засгийн газраас өргөн барьсан хууль УИХ дээр явахгүй байна, чанаргүй зүйл оруулж ирж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Энэ бүгдийг засч, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн үеэд энэ бүхнийг сайжруулж, чанартай байдлаар оруулж ир, чанаргүй ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооц гэсэн шаардлагыг л хэлж байгаа” гэлээ.
Ш.ОЧ