“Волл Стрит”-ийн Чоно Жордан Белфорт: ХЭРЭВ ТА АГУУ ИХ АЛСЫН ХАРААТАЙ, ЯТГАХ УРЛАГИЙГ ЭЗЭМШСЭН БОЛ ЮУГ Ч БҮТЭЭЖ ЧАДНА
Хүсвэл хугацаа нь дууссан барааг ч хүссэн хэн нэгэндээ зарж чадах энэ эрийг Жордан Белфорт гэдэг. Өдгөө 52 настай, идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Волл Стритийн оператор асан тэрээр байгалиас заяасан онцгой авьяасаа буруу зүйлд ашигласныхаа төлөө ял шийтгэл авч, шоронд хүртэл орж байсан домогт эр. Эгэл жирийн нягтлан бодогчийн гэр бүлд төрж, жүүд гэр бүлд хүмүүжсэн тэрээр халаас хоосон “Волл Стрит”-эд ирж, ярьж, ятгаж, итгүүлэн үнэмшүүлэх, борлуулалт хийх өвөрмөц авьяасаараа богино хугацааны дотор тэрбумтан болсон, дараа нь ял шийтгэл авч, шоронд суусан, эцэст нь дэлхийд зартай уран илтгэгч, төгс зөв хүн болсон адал явдалт түүхийн эзэн. Шоронд 22 сар хоригдох хугацаандаа туулсан амьдралаа нэгд, нэгэнгүй үнэнээр нь бичсэн “The Wolf of Wall Street,” ном нь Америкийн нийгэмд шуугиан тарьж, улмаар 2013 онд алдарт найруулагч Мартин Скорссезе, Леонардо Ди Каприо нар хамтран кино хийсэн нь бас нэг шуугиан тарьсан билээ.
Хүн ямар ч амьдрал туулж болно, гол нь туулсан амьдралынхаа бүх үнэнийг нэгд нэгэнгүй олон нийтэд ярьж, өөрийнхөө амьдрал, алдаагаар дамжуулан бусдад сайн үлгэр жишээ үзүүлж, сайн амьдралын философийг түгээн дэлгэрүүлдэгт л Волл Стритийн Чоно хочит энэ ноёнтны үнэт чанар, бусдаас ялгарах бардамнал оршиж байгаа юм.
Киноноос үзвэл гэнэт баяжсан нэгэн эрийн агуу их цамаархал, хар тамхи, хүүхэн, эцэст нь сүйрэл, шорон гээд хэний ч хүүд тохиолдож болох тавилан мэт боловч нөгөө талаараа тэрээр Straight Line System буюу Шууд Ятгалгын Тактик хэмээх онол үндэслэсэн потенциал, хүсвэл хүн хэдэн ч төгрөг хийж баяжиж болох боломж, өндрөөс унаад ухаарсан ухаарал гээд олон үнэт чанарыг ч мөн харах боломжтой. Ингээд олныг үл нуршин түүний ярилцлагыг танд хүргэе. Дашрамд сайхан мэдээ дуулгахад Ятгах урлагийн хаан, Волл Стритийн Чоно ирэх 6-р сарын 6-нд CBM компанийн урилгаар Улаанбаатарт ирж, ятгах, арилжих урлагийн талаар лекц унших гэж байгаа юм байна.
-Та жинхэнэ Волл Стрийтийн Чоно уу?
-Тиймээ. Би бол жинхэнэ Волл Стритийн Чоно байна. Гэхдээ цэнхэр дэлгэцээр гардаг чоноос илүү эелдэг, даруухан бас ёс суртахуунтай хэлбэр нь гэж бодож байна.
-Энэ асуултыг хүмүүс өөрөөс тань маш их асууж байгаа байх. Ялангуяа “Волл Стритийн чоно” кинонд Леонардо Ди Каприо таны дүрийг бүтээсэн. Холливуд бодит түүхийг хэр их өөрчилсөн бол? Жишээ нь, кинонд гардаг Straight Line System хэмээх ойлголтын талаар асуух гээд байна л даа. Ямар ч авьяас, чадваргүй хүмүүсийг Волл стритийн шилдэг арилжаачид болгодог тэр тактик амьдрал дээр яг байдаг гэж үү?
-Тиймээ. Би Straight Line System тактикийг ашиглан тэдгээр хүмүүсийг дэлхийн хэмжээний борлуулагч болгодог байсан нь үнэн. Гэхдээ яг кинон дээр гардаг шиг ганцхан өдрийн дотор нэг хүнийг “шпи” өгөөд л тийм мундаг борлуулагч болгочихно гэж байхгүй л дээ.
Болсон явдал гэвэл, би нэг удаа Волл стрит дээр 5 долларын өртөгтэй үнэт цаасыг Амеркийн ердөө нэг хувь болох хамгийн баян хүмүүст зардаг болохыг олж мэдсэн юм. Гэтэл би өөрөө зарж эхлэхэд маш амархан байсан. Тэгэхэд би ердөө 25 настай, Волл Стритийн хамгийн шилдэг борлуулагчдын нэг байлаа.
Ийм чадвартай болохын тулд би хөрөнгийн зах зээлтэй холбоотой бүхий л ном сурах бичгийг уншиж, судалж, сурч мэдсэн. Хийж болох бүхнийг хийсэн. Энэ бүхний эцэст нэг л зүйл ойлгосон нь “БҮХ БОРЛУУЛАЛТ АДИЛХАН”. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүр өөрийгөө зарахад хүртэл нэг л зарчим үйлчилдэг. Эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэл нэг л шулуун шугам байгаа. Тэр шугаман дээр ямар нэг арга замаар ятгах л хэрэгтэй, үр дүнд нь гэрээ хийгдэж, тухайн зүйл зарагдах ёстой.
Бидний ихэнх нь төгсгөл сайн хийх авьяасгүй төрдөг. Бас олон хүмүүс ямар нэгэн зүйл борлуулна гэхээр маш олон юм бодсоор эхлэлээс нь төгсгөл хүртэл системтэй явахаа мартаж орхидог. Өөрөөр хэлбэл олон юм бодсоор төгсгөлийн цэгт хүрэх шугамнаасаа гажчихдаг. Ингэж гажихгүйгээр зөвхөн зарах л ёстой гэсэн шулуун шугамаа барьж ятгах хэрэгтэй.
Самбар дээр шулуун шугам татаж, энэ маш энгийн ойлголтуудыг тайлбарлаж, тактикыг нэвтрүүлэхэд үр дүн нь ид шидийн мэт байсан. Нөгөө авьяас, чадваргүй хүмүүс маань маш чадварлаг төгсгөл хийж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд кинон дээр гардаг шиг манай компани 2- 12, 12- 1000 ажилчинтай болж, сая саяар нь орлого олж эхэлсэн.
Миний гаргасан алдаа бол тэр үед би бага багаар ёс суртахуунгүй зүйл хийж эхэлсэн. Гэхдээ ихэнхдээ ёс суртахууны хэм хэмжээгээ барьж, хааяа ёс суртахууны хязгаарыг давж, муу зүйл хийдэг байсан. Тэр болгонд ёс суртахууны хязгаар надаас улам л холдсоор байсан. Гэвч эдгээр зүйлс хэвийн мэт санагдах тэр цагаас эхлэн бүх зүйл хяналтаас гарч эхэлсэн дээ.
-Тэгэхээр та Straight Line System гэж үнэхээр байдаг гэх гээд байна уу?
-Тийм. Би дэлхийн маш олон оронд, олон хүнд Straight Line System-ийг заадаг. Шилдэг пүүс компаниудаас авахуулаад бизнес эрхлэгч хувь хүмүүс, борлуулалтын ажилчид, илүү ухаалаг амьдрахыг хүсдэг жирийн аав ээжүүдэд хүртэл заадаг.
Амжилт бол хүн бүрийн хувьд өөр тодорхойлолттой байдаг. Гэхдээ зөвхөн мөнгө олох талаар ярилцъя л даа. Би дэлхийг тойрон уулзалт, семинар хийж явахдаа хүмүүст, энэ бол найз нөхөрлөлийн зөвлөлгөө биш энэ бол мөнгө олох арга гэдэг юм.
Бизнесийн хамгийн чухал зүйлсийн нэг бол хэлэлцээрийн төгсгөлийг сайн хийх. Төгсгөл сайн хийхгүйгээр мөнгө олох хэцүү. Straight Line System нь зөвхөн хөрөнгийн зах зээл дээр төдийгүй хүний төсөөлж болох бүхий л бизнесүүдэд гайхалттай эерэг нөлөө үзүүлж чаддаг юм.
Олон жилийн өмнө, “Волл Стритийн Чоно” номоо бичсэний дараа дэлхийн өнцөг булан бүрээс надад энэ тактикаа зааж өгөх хүсэлтүүд ирж эхэлсэн. Би эхэндээ хүмүүст зааж өгөхөөс айдаг байсан. Яагаад гэвэл энэ бол маш хүчирхэг тактик бөгөөд буруу хүмүүсийн гарт орчихвол бусдыг залилах, хүсэхгүй байгаа юмыг нь худалдан авахуулах гэх мэт муу талуудтай.
Харин саяхан Лео (Леонардо Ди Каприо) бид хоёр ярилцаж байхад, “Энэ тактикт ямар ч асуудалтай зүйл байхгүй. Харин үүнийг ашиглан таны хийж байсан муу зүйлс л буруу байсан” гэж хэлсэн. Тэгэхэд л би үүнийг яг буу шиг юм байна гэдгийг ойлгосон. Буугаар хүн алах нь муу зүйл ч гэлээ зарим тохиолдолд, тухайлбал муу хүмүүсээс өөрийгөө хамгаалах үед зөв, сайн үйл болж хувирдаг. Иймд би хэрэгтэй байгаа, ёс суртахуунгүй зүйлд хэрэглэхгүй гэсэн хүмүүст заахаар шийдсэн.
-Өөрөөр хэлбэл ятгалга, түүний үр дүнд хийх бүх төрлийн борлуулалт муу зүйл биш гэдгийг олж мэдсэн байх нь?
-Борлуулалт дангаараа бол муу зүйл биш л дээ. Амьдралын энгийн нэг хэрэгцээ. Харин борлуулалт хийж байгаа хүн нь өөрийн хувийн ашиг сонирхлыг худалдан авагчийнхаа ашиг сонирхлоос дээгүүр тавьсан тохиолдолд бизнесийн хувьд ёс суртахуунгүй болж ирдэг.
Амьдрал сонголтоор дүүрэн байдаг. Гэтэл үнэхээр зөв сонголтыг хийхэд тухайн хүнд мэдлэг, зүрх зориг дутаж болно шүү дээ. Маш олон хүн багаасаа аав ээж, багшаараа хийж болох бас болохгүй зүйлсийн талаар заалгаж өсдөг учраас бие дааж шийдвэр гаргахдаа эргэлзэх тохиолдол их байдаг. Яг энэ тохиолдолд бидний зөв, эрүүл ятгалга хүмүүст хэрэгтэй байдаг.
Жишээ нь, нэг залуу хоёр хүүүхэдтэй гэж бодьё л доо. Энэ хүн амьдралын даатгал хийлгэсэн нь дээр. Гэтэл ямар нэг шалтгааны улмаас энэ талаар санаа тавихгүй явж байгаад нэг өдөр өөд болчивол ар гэр нь хүнд байдалд орно. Тиймээс энэ тохиолдолд тухайн залуугийн санхүүгийн байдалд тохирсон даатгалыг зарахын тулд уг хүнийг ятгавал ёс суртахууны хувьд буруу зүйл байхгүй гэж би бодож байна.
Харин 1980-аад оны сүүлээр би 5 долларын үнэт цаасыг тухайн хүмүүст хэрэгтэй, үгүйг тооцохгүйгээр зөвхөн зарах л зорилого тавьдаг байсан. Энэ бол буруу борлуулалт юм.
Ятгалга нь амьдралын бүх хүрээнд хэрэгтэй байдаг. Хүүхдээ гэрээ цэвэрлэж, орыг нь хураалгахад ятгалга хэрэгтэй. Түрээслэгчдээ байрныхаа гэрээг жаахан сунгачих гэхэд бас л ятгалга хэрэгтэй. Амьдралын алхам бүрт ятгалга хэрэгтэй. Энэхүү ятгалгын кодыг би тайлсан гэж бодсноороо энэ тухай ярьж байгаа юм.
Тайлахдаа төгсгөлөөс нь эхлэл рүү явах замаар нээж олсон юм. Яагаад тухайн хүн “За” гээд хэлчихсэн юм, юу түүнийг “За” гэж хэлэхэд хүргэсэн юм бэ гэдгийг судалсны үндсэн дээр энэхүү тактикаа боловсруулсан. Үүнийг олон хүнд зааж өгч, олон ч хүн саятан болсон.
-Таныг залуудаа кинонд гардаг шигээ байсан гэхэд итгэмээргүй юм. Идэр залуугийнхаа тэр үеийг эргэцүүлэхэд танд юу бодогддог вэ?
-Би тэнэг байсан. Залуухан, 25 настай, туршлагагүй байсан учраас эхний олсон тав, арван сая доллараараа өөрт байсан бүхий л мөрөөдлөө биелүүлж, бодит болгож эхэлсэн. Цагаан “Феррари” худалдаж авсан. Яагаад гэвэл Дон Жонсон цагаан Ферарритай байсан. Regen Beverly зочид буудлыг нэг өрөөг түрээсэлж авсан. Яагаад гэвэл Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноныхоо зураг авалтыг тэнд хийсэн. Тэр үед би шуналыг сайн зүйл гэж ойлгодог байсан. Яагаад гэвэл “Geico” группийг үндэслэгч Гордон Геко, “Шунал хүнд хэрэгтэй” гэж хэлснийг зөв, үнэн гэж боддог байлаа.
Одоо би 50 гарчихлаа. Би илүү ихийг мэддэг болсон. Тэр үед би өөрийгөө амжилттай явж байна гэж боддог байсан бол одоо бодоход тэр сүйрэл байсан. Тиймээс би бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон. Би одоо бүх зүйлийг өөрөөр хийдэг. Straight Line System-ийг ёс суртахууны хэм хэмжээнд хийдэг. Бас зөв хүмүүст зааж өгдөг.
Straight Line System бол нэгэн зэрэг сэлэм, бамбай юм. Тодруулбал, нэгэнт энэ тактикыг сураад эзэмшчихвэл та ятгах гэсэн хүнээ ятгаж чадна, бас чамайг ятгах гэж байгаа хүнээс өөрийгөө хамгаалж чадна.
-Тэгвэл ятгах урлаг гэж юу юм бэ?
-Өөрийн мөрөөдөл, эрмэлзэлийг бусдад хэлээд, энэ нь тухайн хүмүүст үүний нэг хэсэг болох юмсан гэж бодох хүртэл нь ярихыг ятгах урлаг гэдэг. Мөрөөдөлдөө хүрэхэд ятгалга маш чухал. Ятгалгагүйгээр эндээс мөрөөдөлдөө хүрэх ямар ч боломжгүй. Боломжтой ганц арга зам нь лото хожих байж магад. Үгүй бол ятгах хэрэгтэй.
Хүмүүст үргэлж хэлэхийг хүсдэг нэг зүйл маань одоо байгаа энэ дэлхийг байгаагаар нь, бодитоор эсвэл байгаа хэмжээнээс нь хэзээ ч битгий доогуур хар. Илүү ихийг төсөөл. Алсын хараатай бай. Түүндээ хүрэхэд чинь харин ятгах урлаг чухал хөшүүрэг болдог.
-Алсын хараа гэдэг нь зорилготой бай гэсэн үг үү?
-Зорилго гэдэг үг 1959 онд Earl Nightingale-ийг хүмүүст зорилготой амьдрах талаар хэлж байхад хүчтэй байсаан. Тэрнээс хойш хүмүүс 20 жилийн турш зорилго тавиад сайхан амьдарсан ч гэлээ одоо энэ үг хэдийнэ утгагүй болсон. Агуу их мөрөөдөл, алсын хараатай байх ёстой. Харамсалтай нь, ихэнх хүмүүст биелшгүй агуу том мөрөөдөл, алсын хараа байдаггүй. Тэдэнд зорилго л байдаг.
Гэтэл зорилго гэж үг л байдаг болохоос үйл байдаггүй. Яагаад гэвэл хүмүүс өдөр тутамдаа шахуу зорилго тавьдаг ч ихэнхдээ зорилгодоо хүрдэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд хариуцлагатай байж чаддаггүй. Тэгээд зорилго тавьснаа ч мартчихдаг. Тэгэхээр Зорилго гэдэг маань Сүйрэл гэдэг үгтэй адилхан агуулгатай болж хувирч байгаа юм.
Би ч гэсэн залуудаа тийм л байсан. Мөрөөдөлгүй, алсын хараагүй үе надад байсан. Тэр үедээ би ямар ч төлөвлөгөөгүй, чиг шугамгүй гагцхүү амьдралынхаа хүрээнд л өдөр хоногуудыг өнгөрүүлж байсан. Тийм ч учраас би тэдгээр муу зүйлсийг хийж байсан.
Одоо бол би түүнийгээ мэддэг болсон учраас санаатайгаар мөрөөдлийг бий болгож, түүнийхээ төлөө амьдардаг болсон. Зөв мөрөөдлөө олж чадах юм бол, түүнийгээ хүрэх ёстой цэгээ гэж бодвол энэ нь чамайг идэвхжүүлэгч, урагшлах хөшүүрэг болж чадна.
Товчхондоо, амжилттай, сайн бизнесмэн бүрт алсын хараа байдаг. Алсын хараагаа бусдад ойлгуулж, ятгаж чадсанаараа тэд амжилтанд хүрдэг. Алсын харааны төгсгөлийн цэг нь ятгалга юм гэсэн үг.
-Киноныхоо нөгөө нэг өнцгийн талаар бас яриач. Биеэ үнэлэгч, хар тамхи, хувийн усан онгоц…
-Бурхан минь, харамсалтай нь тэр түүхийн ихэнх нь үнэн. Тэр олон биеэ үнэлэгчидтэй би унтсан нь үнэн. Кинон дээр хэд хэдэн ой гутмаар хэсэг гардаг даа. Хүмүүс яагаад амьдралаа ийм аймаар бичсэн юм бэ гэдэг. Зарим шүүмжлэгчид муу зүйлсийг бахархал юм шигээр бичсэн гэж буруушаадаг. Би хувьдаа амьдралаа гоёчлохыг хүсээгүй юм. Гагцхүү үнэнийг бичихийг зорьсон. Бахархах, гайхуулах гэсэндээ би, одоо болтол өнгөрсөн амьдралынхаа их олон зүйлээс ичиж, санаа зовдог. Номын гол санаа нь ой ухаанаа алдчихсан хүний толгойд, бодол санаанд юу болдгийг мэдрүүлэх зорилготой байсан. Би тэр үед өөрийгөө өөрийн гэсэн ухаанаа алдчихсан байсан гэж хэлнэ. Өөрийн ухаантай хүнээс тийм үйлдэл гарахгүй.
-Ингэхэд та яагаад тийм муу хүн болчихсон юм бэ?
-Уг нь би гайхалтай сайхан гэр бүлээс гаралтай. Ээж маань Нью-Йоркийн хамгийн хөгшин дээд сургууль төгсөгч, 64-тэйдээ хуулийн сургууль төгсч байсан. Хүмүүнлэгийн ажилд гар бие оролцдог байснаараа шагнал авч байсан хүн. Аав ч гэсэн адилхан өндөр ёс суртахуунтай, чанд хатуу хүн байсан. Төрсөн ах маань шилдэг хуульчдын нэг.
Гэрээсээ дэлхийтэй танилцахаар аялалд анх гарахдаа би сайн юм хийхийг зорьж байсан. Яагаад гэвэл би мафийн толгойлогчийн гэр бүлээс гараагүй.
Гэвч би Волл Стрит намайг ийм болгосон гэхгүй. Маш олон хүн тэнд очиж өөр өөрийн арга замаар амьдардаг. Миний хувьд Гордон Гекогийн шунал хэрэгтэй гэсэн буруу философидавтаж, дээр нь хөрөнгийн биржийн хямралын үе давхацсан учраас нөхцөл байдал буруу үүд хаалгыг нээчихсэн юм. Яагаад гэвэл би юуг ч хүсвэл зарж чаддаг онцгой чадвартай байсан юм.
-Та бусдыг ятгах, бусдад зарж борлуулах онцгой чадвартай байсныхаа төлөө шийтгүүлчихсэн ч юм шиг. Одоо бас бусдад зааж байдаг…
-Заримдаа хамгийн сайн тамирчин хамгийн сайн дасгалжуулагч байж чаддаггүй. Гэтэл миний хувьд маш сайн зарж чадна. Бас түүнээсээ 10 дахин илүү заадаг. Өөрийн боловсруулсан тактикаа хүмүүст зааж өгөөд тэд маш сайн зарж байгаа нь бараг миний сэрлийг хөдөлгөдөг. Энэ бол бэлэг юм. Нэг сайн сураад, эзэмшчихвэл амьдралын чинь туршид үлдэх нэгэн төрлийн бэлэг юм. Дасгалжуулсан хүмүүсийн маань 95 хувь бизнесийн салбар бүрт амжилттай яваа. Жишээ нь нэг нь нисэх онгоцны компанитай, нөгөө нь эмнэлэгтэй.
Гол нь ёс суртахуунтай байх ёстой. Хэрвээ ёс суртахуунгүй хийвэл ичмээр зүйлээс гадна гаргасан амжилт чинь түрхэн зуурынх байх болно.
Хоринтавтай байхдаа би үүнийг тойроод гарчихсан юм билээ. Тэр үед би бизнесийг зөвхөн мөнгө, ашиг олох ёстой гэж боддог байлаа. Гэтэл бизнес ашигтайгаас гадна утга учиртай байх ёстой. Утга учиргүй бизнес бол элсэн дээрх завьтай адилхан урагшлахгүй. Миний амьдралын өнгөрсөн түүх үүнийг бэлээхэн харуулдаг. Би бүх зүйлээ алдсан, шоронд орсон. Харин тэнд номоо бичсэн. Ном маань ийм амжилтад хүрнэ гэж харин ёстой төсөөлөөгүй.
-Номноосоо овоо ашиг олж байгаа байх?
-Номын маань орлого надад хамаагүй. Бүх орлого нь хохирогчдын нөхөн төлбөрт зориулагдаж байгаа. Одоогооор хэдэн хүнд, хэдэн долларын өртэй гэдэг нь тодорхойгүй. Гэвч өөрийнхөө өнгөрсөн амьдралаар орлого олъё гэж хүсэхгүй байна.
Надад өдөр бүр и-мэйлээр олон арван захидал ирдэг. Өдөрт дунджаар 50 захидал ирлээ гэхэд 48 нь миний номыг уншаад ухаарал авсан, амьдралдаа, бизнестээ өөрчлөлт хийсэн хүмүүсийн талархах сэтгэл байдаг. Үлдсэн 2 нь, Чоноо, хоёлуаа хар тамхи татъя, биеэ үнэлэгчидтэй явж унтъя гэсэн агуулгатай. Энэ бол үнэндээ мунхаг явдал юм.
Энэ бүхний эцэст би нэг л зүйл онцолмоор байна. Номноос ч тэр, киноноос ч тэр, хүмүүс гайхалтай сайн талыг нь олж харах хэрэгтэй.
Ямар ч мөнгөгүй залуу бусдыг ятгах, итгүүлэх нэг арга бий болгоод түүгээрээ том бизнес эхлүүлж, толгой эргэм баян болсон. Төсөөлөгдөмгүй амжилтанд хүрсэн. Эцэст нь сүйрсэн. Унтсан хүүхний тоо, хэрэглэсэн хар тамхины хэмжээ, сорсон кокайны орцоор бол би хэдийнэ үхчих байсан. Энэ бүхний эцэст харин би амьд байгаа нь бурханы ивээл юм гэж би боддог. Би хэрэв шоронд ороогүй бол үхэх байсан биз.
Хүмүүс ярихдаа хар тамхи хэрэглээд хэвийн амьдарч болно гэдэг. Би бол чадахгүй юм билээ. Гэхдээ чухам хар тамхийг биш хүн мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө ажиллаж чадвал амжилтанд хүрэх боломж байдаг гэсэн мэссэжийг л олж харах хэрэгтэй.
Ихэнх хүмүүс өнгөрсөндөө харамсаж, өнгөрсөнөөсөө салж чадахгүй амьдардаг. Харин миний хувьд өнгөрсөнөөсөө сургамж авч, буруугаа ойлгож, түүнээсээ суралцаад дахин босч ирэхдээ чиглэлээ өөрчилж, ёс суртахуунтай байдлаар амьдралд хандах болсон. Хэрвээ чамд алсын хараа нь байгаад ятгах урлагийг эзэмшиж чадвал чи юуг бүтээж, бас юунаас гарч ирж чадна. Би амьд жишээ нь байна.
Түүний дүрийг кино дэлгэцнээ бүтээсэн алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ярихдаа, “Түүнийг түүнтэй адилхан хүмүүсээс ялгаруулдаг зүйл нь өөрийнхөө гаргасан алдаануудаа яг үнэнээр нь хэлсэнд байгаа юм. Кинонд дүрийг бүтээхийн тулд чамгүй хугацаанд ойр дотно байсны хувьд түүний олны өмнө илтгэх чадвар, бизнес эрхлэгчдийг ятгах урлагт сургах чадвар нь миний амьдралдаа үзэж байсан хамгийн шилдэг нь байсан. Амбиц, шургуу хөдөлмөрийн үр дүн юу болж болохын амьд жишээ нь энэ хүн юм. Тэр утгаараа Жордан Белфорт бол жинхэнэ идэвхжүүлэгч” гэсэн байна.
Зарж борлуулах, ятган үнэмшүүлэх ур чадвараараар цорын ганц Чоно өргөмжлөл авсан Жордан Белфорт одоогоор дэлхийн хамгийн шилдэг борлуулагч, борлуулалтын сургагч гэдгээрээ алдартай. Гэхдээ тэр хэзээд ёс суртахууны хэм хэмжээг хатуу чанд баримтлахаа амалсан.
“Бизнес Ньюс” сэтгүүлийн редактор Лоран Дорсетт, 2014 оны 2 дугаар сарын 11.