Ш.Раднаасэд: АН хувиарлалт хийх нь

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд: АН хувиарлалт хийх нь

Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд хийх ажлуудын урдуур Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж буй. Тэгвэл яг энэ асуудлаар сөрөг хүчин буюу МАН-ын зүгээс шүүмжлэлт байр суурьтайгаа байгаагаа илэрхийлэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд “Ашигт малтмалын тухай хуулийг өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслийг сайн үзээд батлагдсан тохиолдолд хэнд ашигтай юм бэ, хэнд боломж бололцоо олгож буй гэх дүгнэлтийг хийлээ. Монголын ард түмний эрх ашигт тустай байна уу, эсвэл гадныханд л тустай юу гэдгийг нь судаллаа. Энэ хууль гурван үндсэн зорилготойгоор хийгдсэн нь харагдаж байна. Нэгд, УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж буй Стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах долоон ордтой хамаатай юм байна. Стратегийн ач холбогдол бүхий ордод долоон орд нэмэгдэж орсноор Засгийн газар өөрийн хувь оролцоон дээр бусадтай наймаа тохиролцоо хийх боломж нь нээгдэж байна. Оюутолгой шиг долоон том ордоо гадныханд найр тавин өгөх боломж нь бий болох нь.  Үүний хүрээнд төрийн оролцоо хэд байх вэ гэдгээ тохиролцох юм байна. Мөн төсвийн хүрээнд хайгуул хийгдсэн ордуудын ашиглалтын лицензийг дуудлага худалдаа хийх нэрээр зарах эрхийг агентлагт олгох нь. Стратегийн ордууд үүнд хамаарагдаад л явж байгаа. Долоон ордын дөрөв нь газрын ховор элемэнтийнх, хоёр нь алтны орд байна. Үүний ард хэн байна гээд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг нь харахаар нэгээс нь бусад дээр гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм байна. Хоёрт, тусгай хамгаалалттай газар буюу дархан цаазат газарт хамаарах ордуудыг гаргаж ашиглах эрхийг нь өгөх нь. Хилийн бүс нутагт хамаарах Өмнөговь, Говь Алтай, Хөвсгөлийн хил дагуу байгаа ордуудыг ашиглах нь. Мөн ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг түр зогсоосон байсныг болиулснаар энэ олон лицензүүдийг бусдын гар дамжин зарагдах боломжийг нь бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл энэ нөхөд валютын ханшийг санаатайгаар унагаан эдийн засгийг хямрааж, улмаар ашигт малтмал руу дөрөөлж, ард түмний хараа хяналтаас далдуур ашиглах гэсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна. Иймд хуулийг хэлэлцэхдээ ард түмний хяналтыг бий болгох ёстой. Аймаг сумын иргэдийн хурал, төр засгийн түвшинд хянагдах биш засгийн газар болоод агентлаг дээр л шийддэг хаалгыг нээх нь. АН 1996 онд их хувьчлал хийж бужигнуулсан, тэгвэл өнөөдөр их хувиарлалтыг хийх нь. Газрын баялгийн хувиарлалтыг хяналттай, зөв бодлогоор л хийх ёстой” гэв.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж