Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан:
ТӨВ БАНКИНД СОНГОЛТ БИЙ
-Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1820 төгрөгт хүрлээ . Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ам.долларын ханш ийнхүү чангарч байгаа нь хүндээр нөлөөлж байна. Энэ талаар төв банкнаас ямар тайлбар өгөх вэ?
-Бид бүгд мэдэж байгаа өнгөрсөн 2013 он гадаад валютын орох, гарах урсгалын тэнцлийн хувьд хүндхэн жил болж өнгөрсөн. Харин 2014 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл, валютын цэвэр урсгалд харьцангуй эерэг үзүүлэлтүүд гарч байна. Жишээлбэл, 2013 оны 4 дүгээр сард 528 сая ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдааны тэнцэл энэ онд 93 сая ам.доллар болж, алдагдал 435 сая ам.доллараар буурлаа.
Хэдийгээр эдийн засагт энэ мэт зарим эерэг үзүүлэлт гарч байгаа боловч улирлын хүчин зүйлс ханшид нөлөөлж байна. Манай улсын эдийн засаг хаврын улирлаас эхлэн идэвхиждэг. Үүнтэй зэрэгцэн бүтээн байгуулалт, бэлтгэл ажил гэх мэтээр импорт, гадаад валютын гарах урсгал нэмэгддэг нь сүүлийн хэдэн өдөр ханш сулрахад нөлөөллөө. Бидний харж байгаагаар энэ дарамт нь 6 дугаар сараас экспортын гарц нэмэгдсэнээр арилна гэж үзэж байна.
Нөгөө талаас Засгийн газар төсвийн тодотгол хийх замаар урсгал зардлаа бууруулах хүлээлттэй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлөхөөр байна. Тэгэхээр гадаад валют талаасаа улирлын шинж чанартай нөлөөлөл буурч орох урсгал нэмэгдэх, төгрөгийн нийлүүлэлт талаас Засгийн газрын шаардлагагүй, тэвчиж болох зарцуулалт хумигдсанаар ханш цаашид тогтворжино гэсэн хүлээлттэй байна.
-Хэрэв таны хэлсэн эдгээр эерэг хүлээлтүүд биелэлээ олохгүй бол төв банкнаас ямар арга хэмжээ авах вэ?
Төв банкнаас ханшийн хөдөлгөөнийг байнга ажиглаж, зах зээлд ханшийн хэт хэлбэлзэл үүсэхээс сэргийлэн интервенци хийсээр ирсэн. Интервенцийг бид гадаад валютын нийлүүлэлт талаас нь дуудлага худалдаа явуулах замаар хийдэг. Үүнээс гадна төгрөг талаас нь төв банкны үнэт цаасны арилжаа зохион байгуулах замаар ханшид нөлөөлдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байж болох юм. Төв банкнаас зохион байгуулдаг дуудлага худалдаа, төв банкны үнэт цаасны арилжааны талаар бүхий л мэдээлэл Монголбанкны цахим хуудсаар олон нийтэд нээлттэй байгаа.
Түүнчлэн бид ханшийн хөдөлгөөнөөс гадна төвшинг бас анхааралтай ажиглаж байна. Хэрэв ханшийн төвшин эдийн засгийн суурь үзүүлэлтээс хэт хазайж, эдийн засагт ноцтой эрсдэл учруулахаар болсон нөхцөлд төв банкнаас интеренцээс гадна бусад бодлогын хэрэгслүүдээ ашиглана. Бидэнд бодлогын хэрэгслийн сонголтууд байгаа. Тухайлбал, төв банкны үнэт цаасны арилжааг идэвхижүүлэх, хугацааг сунгах, бодлогын хүүг өсгөх гэх мэт. Мөн төв банкнаас гадаад валютын орох урсгалыг сайжруулах тал дээр бодлогын хэрэгслүүдийг шинээр нэвтрүүлж байгаа. Үүний нэг нь урт хугацааны своп хэлцэл бөгөөд энэ хэрэгсэл зах зээлд нэвтэрснээр банкууд гадаад эх үүсвэр бүрдүүлэхэд илүү таатай орчин бүрдэж байгаа юм.
Б.ТАЙВАН