“Мишээл экспо" төв өчигдөр олны хөлд дарагдсан юм. Учир нь монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” бие даасан тоглолтоо хийв. 19 жил хамтдаа тайзнаа дуулж, дуу бүр нь залуусын зүрх сэтгэлд эгшгэлсээр байдаг тэдний хит дуунуудыг амьд хөгжмийн хамт сонсох гэсэн залуус “Мишээл”-ийг зорин ирсэн юм. Тоглолтын зохион байгуулалт чамбай байсныг ирсэн залуус үүднээс нь эхэлж мэдэрсэн бол уу. “Мишээл экспо"-гийн гадаа талбайд хамгаалалт гарган зөвхөн тасалбартай иргэдийг дотогш нэвтрүүлж байлаа.
Мөн дотор “Камертон” хамтлагийн фенүүд улаан хивсээр алхаж орон дурсгалын самбарын өмнө гэрэл зургаа татуулсаар гол танхимыг зорино. “Camerton Best hits Unplugged” тоглолт “Камертон”-ы хит дуунуудын ковероор эхэлсэн бөгөөд тайзнаа бүжигчин залуус тэнд цугласан үзэгчдийн цөсийг хөөргөөд авав.
Мэдээж үүний дараа тоглолтын эзэд тайзнаа гарч ирэн
“Камертон бид та бүхэнд дуулж өгье
Дуулсан дууг минь дагаад дуулаарай
Залуучууд өвгөд хөгшид цөмөөрөө
Алгаа таш цөмөөрөө алгаа таш…” хэмээн үзэгчидтэй хамтдаа дуулсан юм. Тоглолтын турш үзэгчид тэдний дуу бүрийг даган дуулж, бүжиглэж байлаа. Магадгүй өмнө нь хэн нэг нь “Камертон” хамтлагийн дуунуудыг яг одоо бүтэн дуул гэвэл зарим нэг хэсэг дээр түгдэрч мэдэх ч харин энэ үдэш 30 дууг торохгүй тэдэнтэй хамтдаа дуулж байсан шүү. Хөгжим эгшиглэхэд л танил дотно дууны үгс өөрийн эрхгүй амнаас урсан гарч байлаа. Энэ үдэш залуусын түрлэг давалгаалсан “Камертон”-той үдэш байлаа.
“Цагаар суусан тэр охиныг харсаар
Цасанд дунд гудамж хэдийнэ цайрчээ
Цамцны минь өнгөтэй түүний хүрэм
Цаашлан холдсоор алга боллоо…” дурсамж хөврөн сэтгэл догдлуулсан сайхан үдэш байлаа. Санасан шүү та нарыг энэ л тайзтай чинь.
“Би хэнтэй ч учирч болноо
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан …” хэмээн зүрхэнд эгшиглэдэг дуунууд ар араасаа хөврөн залуусын цөсийг хөөргөн танхимд үзэгчдийн сэтгэл хөдлөл буцлан байлаа.
“Зөөлөн гараараа хацар илэхэд
Зүйрлэшгүй жаргалд би умбалаа
Хатаж гундсан сэтгэлд минь
Хайрын гал дүрэлзэн асах шиг…” Тэд энэ л үдэш үзэгч, фенүүдээ асаан дүрэлзүүлж, хөнгөн гуниг мэдрүүлэн, эхийн хайрыг ухааруулан, хайрын балыг амтлуулсан юм.
“Явах цаг боллоо хонгор минь
Яаруухан ч гэсэн бидэн хоёрыг
Ямар хурдаар салгана вэ? Хувь заяа…” эгшиглэхэд гунигтай санагдсан шүү. “Камертон”-той дуулж, бүжиглэсэн гурван цаг нисэх мэт хурдан өнгөрсөн юм. Дахиад дахиад хэмээн шунамаар дэндүү сайхан үдэш байлаа. Гэхдээ тэд тун удахгүй эргээд фенүүдтэйгээ уулзана. Учир нь “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тоглолтынхоо дараа өөрийн фейсбүүк хуудаснаа “Тоглолт маш сайхан боллоо.19 жил бидэнтэй хамт байсан та нартаа баярлалаа.”Camerton” энэ тоглолтоос 10 дуутай шинэ CD-гээ гаргах гайхамшигтай эрч хүчийг та нараасаа авлаа. Баярлалаа” хэмээн бичсэн юм.
Баярлалаа, “Камертон”.
Г.ДАША