"Хаврын нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Энагурэ", "Эрчим" багууд шалгарлаа.
Монголын Волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн"-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр/05.13/ Спортын төв ордонд эхэлсэн.
Хагас шигшээ тоглолтод түрүүлж хоёр хожсон баг аваргын төлөө тоглох бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Энэ жилийн "Хаврын нээлттэй тэмцээн"-ий шигшээд Жон Юн Ха ахлах дасгалжуулагчтай, Б.Хэрлэн, Л.Отгонцэцэг туслах дасгалжуулагчтай, спортын мастер А.Пүрэвсүрэн ахлагчтай "Энагурэ", Д.Баасансүрэн ахлах дасгажуулагчтай, Г.Баярсайхан туслах дасгалжуулагчтай, Э.Эрдэнэзаяа ахлагчтай "ДЦС-IV" ТӨХК "Эрчим" багууд тус тус шалгарлаа.
Хоёр тойргийн нийлбэр дүнгээр нэг ч хожигдолгүй нэгдүгээр байраар шалгарсан "Энагурэ" баг "Монти" багийг 2:0, "Эрчим" "Цайрт Минерал" багийг 2:0-ийн харьцаагаар хожсоноор шигшээд шалгарсан. "Энагурэ В" буюу "Монти", өнгөрсөн жилийн намрын тэмцээний мөнгөн медальт Сүхбаатар аймгийн "Цайрт Минерал" багууд хүрэл медалийн төлөө тоглоно.
Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд "Хаус Мегастарс", ОБЕГ-ын "Аврагч", ДЦС-IV ТӨХК-ний "Эрчим ТЭЦ-IV" болон "Алтайн барс" багууд шалгарсан. Өчигдөр болсон эхний тоглолтод "Хасу Мегастарс" "Алтайнбарс"-г (3:1) , "Эрчим" "Аврагч" (3:0) багийг хожсоноор эхний ялалтаа авсан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн хувьд хоёр дахь тоглолт 14.00 цагаас Спортын төв ордонд үргэлжилж байна.
Шигшээ тоглолтууд ирэх долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гаригуудад буюу тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно.
НЭМЭЛТ (18:00 цаг): "Хасу Мегастарс" "Алтайнбарс"-г хожсоноор хожлын харьцаа 2:0 болж, шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Харин "Эрчим" "Аврагч"-ийн тоглолтод Аврагчид ялалт байгуулж, хожлын харьцаа 1:1 болж ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 19-ний 18.00 цагт шийдвэрлэх тоглолтыг хийхээр боллоо.
Ч.БОЛОР