Исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн эсрэг барьцааны Нигерийн охидыг суллахыг шаардсан “Бидний охидыг буцааж өг” /The #BringBackOurGirls/ гэх кампанит ажил цахим ертөнцөд эрчимтэй өрнөж, олон орны эмэгтэйчүүд нэгдээд байна. “Бидний охидыг буцааж өг” кампанит ажилд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон, Их Британийн сайд Ерөнхий сайд Дэвид Камерон, хип хоп уран бүтээлчид Дидди, Алиша Кейс, Биг Шон, жүжигчин Энн Хэтэуэй, Кемберли Стюарт нар нэгдээд буй юм. Тэгвэл АНУ-ын тэргүүн хатагтайн “Бидний охидыг буцааж өг” зурганы хариуд исламын шашины байгууллагын нэг гишүүн “Танай нөхөр чинь “Боко Харам”-ын хийснээс илүү олон мусульман охиныг хөнөөсөн” гэсэн бичгийг барьсан зургаа нийтэлжээ. Зураг дээрх эрэгтэй нь Их Британи дахь исламын шашны олон нийтийн харилцааны байгууллагын (MPACUK) гишүүн аж.
Үүний зэрэгцээ “Бидний охидыг буцааж өг” кампанит ажлыг дэмжсэн эрэгтэй алдартнууд “Жинхэнэ эр хүн охидыг худалдаж авдаггүй” гэх лоозонг барин зургаа авахуулах болжээ.
Исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэл Нигерийн Борно мужаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур 200 гаруй охидыг шөнө дөлөөр дунд сургуулийн дотуур байрнаас нь барьцаалан авч явсан юм.
Б.АНХТУЯА