“Алтан тариа” компанийн гурилын үнэ нэмэгджээ. Ямар шалтгаанаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн талаар тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ч.Аюушжаваас тодрууллаа.
-“Алтан тариа”-н гурилын үнэ хэдэн төгрөгөөр, хэзээнээс нэмэгдсэн талаар тодруулахгүй юу?
-Манай компани өчигдрөөс буюу тавдугаар сарын 14-нөөс гурилын үнээ 80-100 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Тодруулбал 50 кг-тай дээд гурил нэг кг нь 950 төг, нэгдүгээр гурил 800 төгрөг болсон байгаа.
-Гурилын үнэ нэмсэн нь ямар шалтгаантай байсан юм бол?
-Үнэ нэмэх хэд хэдэн шалтгаан, үндэслэл бий. Нэгдүгээрт түүхий эд буюу улаан буудайн нөөц дуусч байгаа тул намрын ургац хүртэл үлдсэн 4-5 сарын хугацаанд байгаа нөөцөө хуваарилан хэрэглэж, гурилын тасалдал үүсгэхгүй байх арга замыг эрэлхийлж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд “Алтан тариа”-н гурил зах зээлд хамгийн хямд үнийг тодорхойлж байсан. Он гарсны дараа дотоодын бусад үйлдвэрлэгчдийн болон импортын орос гурилын үнэ нэмэгдэж, дээд гурил 1000-1100 төгрөг болсон бол манай дээд гурил 800-900 төгрөг, 1-р гурил нь 600-780 төгрөг байсан. Тиймээс бид гурилын зах зээлийн үнийг доогуур төвшинд барьж байсныга одоо зах зээлийн төвшний хэмжээнд үнэлж байна гэсэн үг л дээ. Түүнчлэн хаврын тариалалт явагдаж байгаа энэ үед гурилын үнэ нэмэгдэж байгаа нь тариаланчдыг улаан буудай тариалах хөшүүрэг бий болгох, намрын ургацаар хураан авах улаан буудайн хэмжээг аль болох нэмэгдүүлэх давхар зорилготой юм.
-100 мянган тн улаан буудай импортоор орж ирсэн. Тэр буудай хаана байгаа вэ?
-Энэ оны нэгдүгээр сард ҮХААЯ санаачилсны дагаа 100 мянган тн улаан буудайг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж, зургадугаар сарын 01-ны дотор импортоор оруулж ирэхээр УИХ баталсан. Үүн дагуу гурилын үйлдвэрүүдэд квот өгсөн ч манайх квот хүртээгүй. Нэг ёсондоо “Алтан тариа” компанийн хувьд гаднаас улаан буудай аваагүй.
-Гурилын үнэ цаашид дахин нэмэгдэх болов уу?
-Зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. Гэхдээ дахин өсөх нь харьцангуй гайгүй болов уу гэж бодож байна.
Б.ЭНХ