12.40 цагт
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, сайдынх нь албан тушаалаас чөлөөллөө. Хуралдаанд 69 гишүүн оролцож саналаа өгснөөс 54 нь зөвшөөрч, сайдын албанаас чөлөөлсөн юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөхийн өмнө эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлэх үеэр Д.Оюунхорол “Монголын улстөр үнэлэмжгүй болж байгаа учраас сайд Х.Баттулга ийм шийдвэр гаргасан байх. Ажлынх нь үнэлэлт дүгнэлтийг үзэх юм бол эдийн засгийн өсөлт мал аж ахуйн салбарт л гарсан. Энд бид хэн нэгнийг муухай харагдуулах гэж орж ирээгүй, Монголын ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал, ажлыг сайжруулахын төлөө асуудал яриад сууж байгаа. Гэтэл ард түмний амьдрал уруудаж, доройтож байхад бие биенээ тохуурхаж байна. Тэр тусмаа Ерөнхий сайд таны дандаа ярьдаг худлаа үйлдлээс болоод ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт уруудан доройтсоор өнөөдөр цөхөрч байна. Та ёс суртахууны ухамсраараа
“Би өөрөө огцоръё” гээд асуудал оруулж ирэх ёстой байсан юм” хэмээсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Х.Баттулга сайдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөөч ээ гэхэд Ерөнхий сайд та “Хоёр жил ажил хийсэн хүнийг дүгнэж болдоггүй юм. Дөрвөн жил ажил хийсэн хүнийг үнэлнэ” гэж хэлсэнд гайхаж байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би өргөдлөө түр татсан юм, дахиад өргөн барина ч гэх шиг орон гаран зүйл ярьсанд өмнөөс нь ичихэд хүргэж байна. Ингэж УИХ-ыг тоглоомын газар болгож таарахгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хаврын чуулган эхэлснээс хойш улстөржилт хэрээс хэтэрлээ. Улстөржилтөөс сайн юм гарсангүй. Х.Баттулга сайдын хувьд ажил хийх гээд зөрчилдөөд байгаа юм биш, эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөөс энэ бүхнээсээ татгалзлаа. Бусдад өгөөш болоод байна. Эцсийн дүндээ энэ үйлдэл чинь ард түмний амьдралд нөлөөлөхүйц үйл явц болоод байна. Том эрх ашгийн төлөө бид хамтарч ажиллаж байгаа, УИХ ажлаа хийж чадаж байгаа юу гэвэл чадахгүй байгаа. Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ асуудал нь намын дотоод асуудал” гэсэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүд саналаа хэлж, УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад 69 гишүүний 54 нь зөвшөөрч, тэрээр Ерөнхийлөгчийн тодорхойлсончлон “давхар дээл”-ээ тайллаа. Эл асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөөд байна. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Иргэн бүр 5 сая 84 мянган төгрөгийн өртэй болно гэв
11.30 цагт
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 52.9 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Тэдгээрт Засгийн газар Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдээс хатуухан шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр оруулж ирж. Үүнээс гадна Засгийн газар БНХАУ-аас 162 сая ам.доллар, мөн Герман болон бусад орны банкнаас 80 сая ам.доллар, 300 сая ам.доллар нийтдээ 500 сая ам.доллар авахаар шийдвэр гаргаж. Ийм эрхийг УИХ Засгийн газарт өгөөгүй байгаа. Гэхдээ та бүхэн өр тавьчихвал валютын ханшийг бууруулна гэж хэлээд өнгөрсөн жил 1.5 тэрбумын Чингис бонд, Самурай бондыг тус бүр гаргасан. Валютын ханш өнөөдөр хэд хүрээд байна, 1820 төгрөг гараад явчихлаа. Ингэж хууль зөрчиж болохгүй. 500 сая ам.долларын зээл авахаар гэрээ байгуулсныхаа дараа асуудлаа УИХ-д оруулж ирнэ. Та нар ийм аргатай” гэлээ.
Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Засгийн газар зээл авах бол Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөлгүй нэг ч зээл аваагүй, хэлэлцээрийг явуулах шийдвэрүүд гарсан. Хэлэлцээр явсны дараа шийдвэрээ УИХ-д оруулж ирдэг. Би хор болох юм хийхгүй. Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх ёстой, импортоо хязгаарлах ёстой, гаднаас эх үүсвэр татах ёстой, гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг та нараас хамаарна. Амьд хүн аргатай гэж бид арга бодож байна, хувийн хэвшилтэй хамтраад ажиллах гарц хайж байна.
Сангийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэйг ойлгож байна, зээлгүйгээр хөгжилд хүрэх гарц байхгүй. Өр бол зээлнээс үүсдэг, зээл болгон өр болдоггүй. Зөв ашиглавал хөрөнгө оруулалт болно. Бүтээн байгуулалтаа сайн хийж чадвал хожоо болж хувирна”.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:- Төсвийн хүрээний мэдэгдлийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Улсын гадаад өрийг 8.2 их наядаас 14.7 их наяд хүргэж нэмэгдүүлэхээр Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 5 сая 84 мянган төгрөг болно. Яаж чадаж байна аа. Монгол Улсын өрийн хэмжээ өнөөдөр ДНБ-ний 62 хувьтай байгаа, энэ онд 40 хувь руу буулгах ёстой. Гэтэл Засгийн газар Монгол Улсын Их хурлын хуулийг зөрччихөөд, түүнийгээ нөхөж ажиллах оролдлого хийж байна. Ийм байдалтай Засгийн газрыг өөгшүүлээд явах уу. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг зөв бодитой аргачлалтай байх ёстой. Төсвийн орлого зарлага, ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 2014, 2015, 2016 онд хэд гэж тооцсон бэ. Улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэнэ гэж байна, Чингис бондыг хаана, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьдаг болсон байна. Ийм байхад дахиад зээл авах тухай ярих нь эрсдэлтэй байна. Ханшийг хэдээр тооцсоноо хэлээд өг.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:-Чингис бондын зарцуулалт ил тод байгаа. Юунд зарцуулахаа бодлогын зөвлөлөөр шийдвэрлэдэг. Бодлогын зөвлөл 14 гишүүнтэй, долоо нь Засгийн газраас, долоон гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ, хотын захиргаанаас төлөөлөл оролцсон байдаг. Энэ бүрэлдэхүүний хэмжээнд ярилцаж шийдвэр гаргадаг. Тэрний дагуу санхүүжилт хийгээд явдаг. 2014 оны төсвийг өнгөрсөн онд 1384 гэж тавьсан нь тооцооны ханш. Тэгж оруулж ирэхдээ хамт хуулийн төсөл оруулж ирсэн. Гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх лиментийг УИХ дээр унагаасан. Түүний харгайгаар өнөөдөр ханш 1820 хүрсэн, Монголын эдийн засаг тэлэх ёстой, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг хааж зогсоож болохгүй. Зээл авах ёстой.
Сангийн сайд Ч.Улаан:-Өрийн хязгаар 14.7 их наяд төгрөг боллоо гэж байна, ДНБ-ний 70 хувьтай тэнцүүлэхэд энэ хэмжээнд хүрэхгүй. Нарийвчилж авч үзье. Зээлийн хэмжээг тооцохдоо хийсвэр тооцоо хийгээд байна. Зээлийг хэзээ иргэдээр төлүүлж байсан юм бэ, айдас төрүүлэх хэрэггүй хэмээсэн юм.
О.Баасанхүү төслөө татан авав
09.20 цагт
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч тэрээр төслөө татан авсан тул энэ асуудал хэлэлцэгдсэнгүй. Төслөө татан авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргад ирүүлсэн бичигтээ “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн юм.
09.00 цагаас:
1. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал /хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
3. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал:
4. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
5. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
6. Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:
7. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/
Г.ДАРЬ