Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн зуун буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр(05.14) Баянзүрх дүүрэгт байрлах "Бадмаараг" төвийн байранд боллоо.
"Бодьбадмаараг" компани ивээн тэтгэж, Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин оролцож байгаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн есөн өдрийн турш үргэлжилж, энэ сарын 23-нд өндөрлөнө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын даамын холбооны ерөнхийлөгч О.Мэндбаяр, Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны дэд тэргүүн Ч.Бат-Эрдэнэ, "Бодьбадмаараг" төвийн захирал Мөнхзаяа нар оролцов.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургаадугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах аж.
Насанд хүрэгчдийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттай явагдаж, шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оролцож байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт өнгөрөгч гуравдугаар сард болоход 20 аймаг, дүүргийн эмэгтэй 30, эрэгтэй 90 нийт 120 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй 11, эмэгтэй есөн тамирчин шигшээ тоглолтод өрсөлдөх эрхийг авсан. Эдгээр тамирчид дээр өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд багтаж буй юм. Өнгөрсөн жилийн улсын аваргын эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Ази тивийн аварга, дэлхийн оюуны спортын наадмын багийн хүрэл медальт Э.Мандахнаран энэ жилийн тэмцээнийг өнжиж байгаа бол бусад шилдгүүдийн хувьд тэмцээнд оролцож байна.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Орхон аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг, СХД-ийн 42-р сургуулийн сурагч Отгон-Эрдэнэ, "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн нарт спортын дэд мастерын болзол хангасан үнэмлэхийг гардуулав.
Тэмцээний үеэр Орхон аймгаас оролцож байгаа спортын дэд мастерийн болзол хангаад буй Баяраагийн Мөнхцэцэгийн сэтгэгдлийг хүргэхэд: "Даамын спортоор арваад жил хичээллэж байна. Орон нутагт зохион байгуулагддаг тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан. Өнгөрсөн жилээс эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилгоор бэлтгэл хийж эхэлсэн. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Орхон аймгаас оролцлоо. Анх удаа улсын аваргын хагас шигшээ тоглолтод оролцож байсан болохоор нилээд эмээсэн. Ер хагас шигшээ тоглолтууд маш хүнд болсон. Сүүлийн тоглолтод 2012 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргалыг хожиж, наймдугаар байрт шалгарснаар шигшээ тэмцээнд оролцох эрхийг авлаа. Шигшээ тэмцээнд шигшигдсэн шилдгүүдтэй тоглох болохоор хичээх болно. "
УАШТ-ий нийт шагналын сан 4.730.000 төрөгт багтаж буй бөгөөд хожил бүрийг мөнгөн шагнал дагалдах аж. Нэг хожлын мөнгөн шагнал 15.000 төгрөг, харин хожлын нийт шагналын сан 2,730.000 төгрөг байх ба шилдэг уран өргийг мөн урамшуулах аж.
Улсын аварга шалгаруулах тэмцээний блиц тэмцээн тавдугаар сарын 17-нд, түргэн тоглолтын тэмцээн тавдугаар сарын 18-нд тус тус болох аж.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр сугалаа болсон бөгөөд эхний өргийн тойргийн тоглолт 15.00 цагаас эхэллээ.
Монгол Улсын арван удаагийн аварга, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, азийн тивийн аварга, 2001, 2011, 2013 оны Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний шилдэг өрөг, уран нүүдлийн шагналтай, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Дөлийн Эрдэнэбилэг.
Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын хошой аварга, дэлхийн оюуны спортын наадмын багийн хүрэл медальт, спортын мастер Батдэлгэрийн Нандинцэцэг.
Өсвөрийн Ази тивийн аварга, спортын дэд мастер, "Шавь" цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Моломцамцын Одгэрэл. Тэрээр Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Голубеваг “Улаанбаатар 2013” ДАШТ-ий 13 дугаар өрөгт хожсон юм.
СХД-ийн 42-р сургуулийн сурагч Б.Отгон-Эрдэнэ, "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн нар спортын дэд мастерын болзол хангалаа.
Тэмцээний эхний тойргийн тоглолт 15.00 цагаас эхэлсэн бөгөөд тоглолтын дүнг танилцуулж байна.
Маргааш хоёрдугаар тойргийн тоглолт 09.00 цагаас, гуравдугаар тойрог 15.00 цагаас болно. Улсын аварга шалгаруулах тэмцээний блиц тэмцээн тавдугаар сарын 17-нд, түргэн тоглолтын тэмцээн тавдугаар сарын 18-нд тус тус болох аж. Тэмцээний талаарх мэдээллийг http://mondaam.mn сайтаас аваарай.
Ч.БОЛОР