-Гадаад худалдааны алдагдал 434.6 сая ам.доллараар буурчээ-
Монгол Улс гадаад худалдаагаар энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн 111 оронтой худалдаа хийсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2958.6 сая ам.доллар байсан бөгөөд үүний 1432.4 сая ам.доллар, импорт 1526.2 сая ам.доллар байсан ажээ.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард 528.3 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол одоо 93.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 434.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт ажээ. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхнээс эерэг дүр зураг үзүүлж, алдагдал огцом буурч ирсэн бөгөөд үүнийг эдийн засагчид Монгол Улс импорт хийх санхүүгийн чадваргүй байгаатай холбон тайлбарлаж байгаа.
Экспортын хэмжээний хувьд өмнөх оны мөн үеийнхээс 219.9 сая ам.доллар буюу 18.1 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 142.1 сая ам.доллар, үнэт ба хагас чулуу, металл, гоёлын зүйлсийн бүлгийн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 35.2 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 214.6 сая ам.доллар буюу 12.3 хувиар буурсан бөгөөд үүнд импортод өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, эд ангийнх нь 134.4 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг эд ангийнх 116.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Б.МИШЭЭЛ