Модон дээр сийлсэн эмэгтэйн дүр… Түүний царай гунигтай, бодлогоширсон, тайван уужуу ч гэлээ асаж буй гал мэт… Тэндээс бас омголон, ихэмсэг, бардам төрхийг олж харна. Эмэгтэй хүний дүр төрхийг луун дүрсээр чимж, улаан, цэнхэр өнгөөр илэрхийлсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд тавигдсан ихэнх бүтээлүүд холимог техникээр илэрхийлсэн бүтээлүүд байлаа.
Энэ бол “Glamour Art Gallery”-д дэлгэгдсэн зураач Э.Түвшинтөр, Э.Тэмүүлэн нарын хамтарсан “Чагнуур” уран бүтээлийн үзэсгэлэн юм. Зураач Э.Түвшинтөр хөрөг дүрээр дамжуулан хүний дотоод ертөнцөд орших далд хүч, түүнийг оюуны хүчээр яаж удирдахаас хамаарч одоо хийгээд ирээдүйд хэрхэн өөрийн амьдралд сайн, муу үр дагаварыг авчирч болохыг дүрслэхийг хичээсэн хэмээх аж. Мөн тэрээр нийгмийн олон эмх цэгцгүй тусгалуудаас үл хамаарч хүн өөрийн дотоод мэдрэхүйг таних явдлыг сануулахыг зорьжээ. “Чагнуур” үзэсгэлэнд түүний найман бүтээл багтсан бөгөөд холимог техникээр гол санаагаа товчлон шийдсэнээр онцлог.
Зураач Э.Тэмүүлэнгийн хувьд холимог техникийн ажиллагаатай нийт 10 гаруй бүтээлээ энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэж байгаа бөгөөд тус бүтээлүүддээ эмэгтэй хүний гоо сайханд орших хүч, зөн билэг, мэдрэхүй, сүнслэг талбарыг илүүтэй харуулахыг зорьсон байна. Үзэсгэлэн тавдугаар сарын 13-17-ны өдрийг дуустал “Glamour Art Gallery”-д үргэлжилнэ.
Э.ТЭКҮ