“Талийгаач гурван цагийн өмнө ахтайгаа уулзсан”

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“Талийгаач гурван цагийн өмнө ахтайгаа уулзсан”

“Петро чайна дачин дамсаг” компанийн Монгол Улстай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний 50 орчим тэрбум төгрөгийг угаасан гэх хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр 16.10 цагийн үед хорих ангийн уулзалтын өрөөнд нас барсан. Түүнийг уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгээ уулзах гэж ороод, гэнэт амьсгал нь хаагдаж, амь насаа алдсан хэмээн мэдээлж буй. Хэргийн талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардоржоос дараах асуултуудад хариулт авлаа.  


-Тухайн өдөр болсон процессийн талаар та албаны хүний хувьд мэдээлэл өгнө үү?


-Талийгаачийг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд цагдан хорьсон юм. Түүнээс хойш 28 хоног өнгөрсөн гэсэн үг. Тухайн өдрийн буюу тавдугаар сарын 13-нд болсон процесс гэвэл 15.00 цагийн орчимд түүний өмгөөлөгч уулзах хүсэлт гаргасан. Ингээд өмгөөлөгч нь хүлээлгийн өрөөнд ороод удаагүй байхад талийгаач ухаан алдаж унасан. Яаралтай эмч дуудаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлснээс гадна яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч нарыг дуудаж үзүүлсэн боловч эмнэлгийн тусламж авч амжилгүй амь насаа алдсан.


-Эрүүл мэндийн байдал нь муу байхад Цагдан хорих ангийн эмч нар эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байсан гэж өмгөөлөгч нь мэдээлж байгаа. Энэ үнэн үү?

-Цагдан хорьсон хугацаанд буюу 28 хоногийн хугацаанд хариуцсан эмч нар нь найман удаа эрүүл мэндийн байдлыг нь үзэж, холбогдох шинжилгээг авч, оношилж байсан. Шинжилгээгээр “Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй” гэсэн хариу гарсан байна лээ. Шинжилгээгээр нойр булчирхайн үрэвсэлтэй гэсэн онош гарсан байдаг.  


-Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт удаа даргаа гаргаж байсан гэж үнэн үү?

-Өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан. Тодруулбал, эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх мөн эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн байдаг. Тухайн үед тодорхойлолтыг нь гаргаж өгсөн. Хоригдогч өмчгөөлөгчтэйгөө давхардсан тоогоор 25 удаа, ар гэрийнхэнтэйгээ найман удаа уулзсан. Мөн өчигдөр нас барахаасаа гурван цагийн өмнө ахтайгаа уулзсан.


-Гурван цагийн өмнө бие нь хэвийн байсан гэсэн үг үү?

-Тийм. Биед нь өөрчлөлт орсон зүйл гараагүй. Хэрэв бие нь муу байсан бол ахдаа хэлэх байсан байх.


-Талийгаач өөрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаж байсан уу?

-Эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаж байгаагүй юм билээ. Харин толгой өвдөж байна гээд өвчин намдаах эм хэрэглэж байсан гэсэн.

-Нас барсан шалтгаан хэзээ тодорхой болох вэ?

-Өнөөдөр задлан шинжилгээ хийж байгаа. Хариу нь албан ёсоор ойролцоогоор 14 хоногийн дотор гарна.

-Ар гэрийнхэн нь цагдан хорих ангид очиж, талийгаачийг харах гэтэл оруулаагүй гэсэн. Энэ талаар?

-Ийм тохиолдолд хэргийн газрыг хамгаалалтад авдаг. Цагдаагийнхан үүргээ л гүйцэтгэсэн.  


-Хорих ангийн эмч нар “Дээрээс даалгавар өгсөн” гээд эмчилгээ хийж чадахгүй байсан гэж өмгөөлөгч нь мэдээлсэн байгаа. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй.

-Өрөөндөө хэдүүлээ байсан бэ?

-Гурвуулаа.

-Нас барахаасаа гурван цагийн өмнө эрүүл мэнд нь хэвийн, өөрчлөлтгүй байсан гэхээр гадны нөлөөлөл байсан байж болзошгүй гэсэн таамаг гарч мэдэх юм. Гадны нөлөөлөл байх боломжтой юу?

-Камерийн бүх бичлэг байгаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж