Дахиад л Ц.Нямдорж VS Х.Баттулга

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Дахиад л Ц.Нямдорж VS Х.Баттулга

Хамгийн зөрчилтэй улстөрчдийн жагсаалт гаргавал дээгүүр давхих нь тодорхой УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нар өнөөдөр ч бие биедээ ширүүн үг хэлж, олны анхааралд өртөж амжлаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болонгуут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, хариуцлагаас зугтааж байгаа юм, наадах чинь. Ийм л нөхөр. 2011 онд Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахад Х.Баттулга эхэлж мэдэгдэл хийх гээд байсан учраас Н.Алтанхуяг хууртахгүйн тулд түрүүлж, гарахаа хэлсэн. Сайдаар ажиллах хугацаандаа мөн ч олон муу юм хийсэн. Хувийн компани өөрсдөө хөрөнгөө гаргаад, эрсдлээ үүрээд төмөр зам барих гэж байхад нь хууль бус гээд болиулсан. Одоо гэтэл Чингис бондоос мөнгө гаргаад төмөр зам тавина гэнэ. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллах хугацаандаа олон юм хийсэн тухай ярьж байна. Тэгж яривал тэр Хөдөө аж ахуйн бирж байгуулах асуудлыг Т.Бадамжунай сайд байхдаа хуулийн төслийг нь надаар засуулаад УИХ-аар батлуулж байсан юм. Чиний сайд байхдаа хийсэн ажил гэвэл 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлүүлсэн явдал. Монгол Улс буудайгаа 100 хувь дотоодоосоо хангадаг байсныг чи ажил аваад унагасан” гэж хатуурхсан бол сайд Х.Баттулга "Та Хууль зүйн сайд байсан хүний хувьд намайг бүх шатны шүүхээр шалгуулах эрхтэй. Хэлсэн үгэндээ эзэн болоорой. Намайг яаж ч гутааж болно. Зайсанд таныг түрээсийн байранд амьдардаг гэж хэлснээс хойш өс саначихсан хүн шүү дээ" хэмээн хариу барив.

Улстөрчдийн энэ маргаан сүүлдээ бүр соёлгүйжиж, гишүүн Ц.Нямдорж “Засгаас зайлж байгаад чинь баярлаж байна. Энийг явуулах хэрэгтэй” гэж хэлсэн нь даарин дээр давс нэмнэ гэгч болов.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж