Лизингээр унадаг дугуй авдаг болно

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Лизингээр унадаг дугуй авдаг болно

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигч байгууллагууд хамтран дугуйн зам байгуулах ажлыг нийслэлийн төсөвт суулгаж, энэ онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулан батлуулж, хэд хэдэн газар унадаг дугуйн зам барихаар болсон. Залуучуудад унадаг дугуйн хэрэглээг хэвшил болгох спирт биш спортыг сонгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гээд нөхцөл боломжоор хангах ажлуудыг унадаг дугуйн төслийн багийнхан судалж буй юм. Энэ хүрээнд МЗХ, Замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олон нийтэд таниулж, мэдээлэл сурталчилгааг хамтран явуулах, замын хөдөлгөөний дүрэм, осол эндэлгүй зорчих, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллийг боловсруулсан байна. Түүнчлэн жолооны сургалтанд дугуйтай зорчигчтой хэрхэн харьцах талаарх сургалтын модуль оруулахаар  болсон байна. Мөн унадаг дугуйн лизингийн үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтийг Хаан, Голомт, Улаанбаатар, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад, даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтийг Монгол даатгалд хүргүүлсэн байна.

Залуучуудын гол байгууллага нь хүүхэд залуусыг  спортод элэгтэй болгохын тулд олон ажил хийж байгаагийн илэрхийлэл болгож тус байгууллагын дарга А.Мөнхбат  өнөөдөр “Залуус эрүүл мэндийн даатгалаараа фитнест явдаг болох, спортын тоног төхөөрөмж, дугуй оруулж ирэхэд  НӨАТ болон  гаалийн татвар төлдөггүй, орлогын татвар төлдөггүй болохыг дэмжье” хэмээн жиргэжээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж