Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны цөм болсон боловсон хүчнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудалд ач холбогдол өгч дипломат ажилтнууддаа зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд залуу дипломат ажилтнуудад баримт бичиг боловсруулалт, монголын дипломат түүх, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд, дипломат ёслол, дипломат ажилтны ёс зүйн хэм хэмжээ, мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулсан.
Мөн энэ оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд ГХЯ-ны дунд шатны дипломат ажилтнуудад зориулж мэдээллийн дүн шинжилгээний онол, практикийн асуудал, баримт бичиг боловсруулалт, яриа хэлцээ явуулах ур чадвар, хэлмэрчлэх ур чадвар зэрэг сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтын төгсгөлд өнөөгийн олон улсын харилцаанд үүсээд буй тодорхой асуудлаар загварчилсан бага хурал (симуляци) зохион байгуулсан нь албан хаагчдын идэвх сонирхлыг татсан, үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.
Түүнчлэн 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудад томилогдон ажиллах дипломат ажилтнуудад зориулан томилогдон очиж ажиллах ажил болоод ажиллах орчны талаар ойлголт өгч, дадлагажуулах зорилгоор сургалт зохион байгуулав. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, байгаль орчин, батлан хамгаалахын салбарын гадаад хамтын ажиллагааны талаар холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд тус тус мэдээлэл хийхийн хамт дипломат албаны эрх зүй, дипломат ажилтны ёс зүй, консулын үйл ажиллагаа, дипломат ёслол зэрэг чиглэлээр ГХЯ-ны холбогдох газар нэгжийн ажилтнууд болон гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ахмад дипломатууд мэдээлэл хийж, харилцан ярилцав.
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд бүх түвшинд нэг дуу хоолойгоор гадаад улс орон, түншүүдтэй харилцах явдал нэн чухал тул ГХЯ гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард яам, агентлаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад зориулан Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, дипломат албаны онцлогийн талаар сургалт зохион байгууллаа.
Эх сурвалж: www.mfa.gov.mn