&#34Хүүхэд зодсон багшийн хэрэг&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

&#34Хүүхэд зодсон багшийн хэрэг&#34

Хүүхэд зодсон багшийн хэрэг… Ийм асуудал хэвлэлээр нэг босох янзтай. Мөдхөн "хүүхэд харах үйлчилгээ"-г хуульчлах гэж байна. Тэр үед юу хүүхэд зодсон багшийн хэрэг байтугай юм болох вий. Мэргэжлийн багш биш хүмүүст эрх өгнө, төрөөс мөнгө өгнө. Эхлээд хуулийн төсөлд 0-3 насны хүүхдийг тэр үйлчилгээнд хамруулахаар байсан бол явж явж 0-6 нас гэж өөрчлөгдөж байгаа аж. Мөн тэр үйлчилгээг эрхэлж болох хүүхэд асрагчийн насыг 60 хүртэл гэж төсөлд тусгасан байсныг Д.Арвин гишүүний санал болгосноор 70 хүртэл болгож байгаа сурагтай. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн үйл ажиллагаа цаашид хэн нэг айлын гэрт, мэргэжил, боловсрол үл хамаарах 70 хүртэлх настнуудын гарт шилжихийг төр бодлого гэж үзэж хуульчлах гэж байна. Энэ дэвшил мөн үү?

Хүүхдүүдээ зодож буй бичлэг нь интернэтэд тавигдсанаар илчлэгдэж, эцэстээ хэрэгтэн болох гэж байгаа багш мэргэжлийн хүн биш байсан гэж сонссон. Уг багш "суу, суу" гээд цохиод байхад захаасаа босч гүйлдээд байхыг бодоход мань хүүхдүүд багшаасаа айж, эмээсэн нь юу л бол. Гэвч энэ өмгөөлж болохгүй буруу үйлдэл мөн үү мөн. Яагаад ийм буруутай үйлдэлд хүрэв гэхээр мэргэжлийн бус гэдэгт л асуудал нь байгаа хэрэг. Дөрвөн жил багшийн сургуульд сураад төгссөн хүн эрхээ биш хүүхдийн эвийг олоод өмнө нь эрээн цаас бариад анхаарлыг нь татах дадалтай болно, үгүй юм гэхэд тэр олон дэггүй амьтдыг тэвчих сэтгэлзүйн бэлтгэлтэй болж төгсөнө өө дөө?

Гэтэл одоо батлагдах гэж байгаа хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар бол хүүхэд харах хүн мэргэжлийн байх пад ч үгүй асуудал болох нь. Мөн 0-6 хүртэлх насны хүүхдүүд нэг дор хаа нэг айлын хажууд хэн нэг асрагчийн гар дээр хүмүүжих болж байна. Сургуулийн өмнөх боловсрол олж авах уу, тэндээс?

Яах ч аргагүй гэртээ эмээгийнхээ гар дээр өсч байгаа, цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүдэд, мөн эмээд нь мөнгө өгөх нь зөв л байх. Өнөөдөр хүүхэд харах үйлчилгээнээс илүүтэй цэцэрлэг, яслийг төрийн, хувийн гэж ялгалгүй дэмжиж, хүүхэд бүрийг зориулалтын орчинд, мэргэжлийн багшийн гар дээр өсч, хүмүүжих бололцоог л бодлогоор дэмжих нь илүү "Ухаалаг" баймаар юм. Бид хүүхдүүдээ хаана, хэрхэн хүмүүжүүлж, хэрхэн хүний нийгмийн харилцаанд сургахаас ирээдүй маань харанхуй бүдүүлэг байх уу, ёс зүйтэй, гэрэл гэгээтэй байх уу гэдэг нь хамаарна шүү дээ. Би л лав хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдал, хүмүүжил боловсролыг хэн нэг асрагчид биш хуулийн этгээд, зориулалтын орчин, мэргэжлийн багш бүхий боловсролын байгууллагад даатгахыг илүүд үздэг.

З.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж