Монголын түүх баяртай

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн соёлтой хөл нийлүүлж, улам бүр даяарчлагдахыг хүсэгчид олон бий нь сайшаалтай. Ингэхдээ дахиад Монголоо дорд үзсэн шийдвэр гаргажээ. Өмнө нь БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уран зохиолын хичээлийг бусад хичээлтэй уялдуулах нэрийдлээр үгүй хийхийг санаархаж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Харин энэ удаад БШУ-ын сайд Л.Гантөмөр Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаадлагын тухай журам гээчийг дөрөвдүгээр сарын 28-нд гаргажээ.

Үүгээр бол Монголын түүх заавал үзэх ёстой хичээлийн жагсаалтаас хасагдаж. Харин сонгож үзэх хичээлийн жагсаалтад орсан байна. Ингэхдээ Иргэний боловсрол нэрийн дор оруулсан бөгөөд энэ хичээл нь Монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах, багаар ажиллах ур чадвар гээд хярамцаг шиг холилдсон юм болгож орхижээ. Оюутан өөрийн үзэмжээр хичээлээ сонгоно, сонгохдоо түүхийн хичээл үзэхийн тулд сонирхоогүй баахан хичээлийг сонгоно гэсэн үг. МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал “Глобал юм үзээд Монгол гэсэн юмгүй болгочихлоо. Өмнө нь түүхийн хичээлийг заавал гурван кредитээр 32 цагийн лекц, 32 семинар гээд нийт 64 цаг үздэг байсан. Харин одоо түүхээ судлахгүй төгсч болно гэсэн үг. Өөрсдийгөө мэдэхгүй, дэлхийг мэднэ гэсэн хүмүүс олшрох нь. Элсэлтийн шалгалтад Монгол хэл, түүхийн хичээлийг оруулмаар л байгаа юм” хэмээн сайдын шийдвэрт гомдолтой яваагаа хэллээ. Харин түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн “Энэ бол эх түүхээ үгүйсгэсэн үйлдэл болж байна. Гадны хөгжилтэй орнууд өөрсдийн түүхээ улам бүр нарийн, заавал судлах ёстой хичээл гэж үзэн оруулж байна. Гэтэл манайд хасчихлаа. Хүүхдүүд түүхээ мэдэхийг төдийлөн хүсэхгүй болсон энэ үед заавал үзэх хичээлийн жагсаалтаас хасч, ерөнхий сонгож суралцах хичээлийн жагсаалтад оруулахаар улам л судлахгүй болно гэсэн үг. АНУ-д гэхэд түүхийн 300 гаруй хүрээлэн чиглэл чиглэлээр нарийн судалж байна” гэдгээр журмыг үгүйсгэж байна. “Нэгэнт сайд тушаал гаргачихсан учраас одоо найдаж байгаа зүйл гэвэл 12 хүртэл багц /кредит/ цагийн хичээлийг яамнаас зааж өгч болно гэсэн юм бий. Тэнд ямар хичээл байгаа нь тодорхойгүй байгаа. Тэрэнд нь оруулж өгөх болов уу л гэж найдаж байна” гэдгээ П.Дэлгэржаргал учирлалаа.

Өнөөдөр дунд сургуульд Монголын болон дэлхийн түүхийн хичээл ердөө  нэг цаг ордог болж багасчээ. Оронд нь шинжлэх ухааны суурь байхгүй нийгмийн ухааны хичээлүүд ордог болсон юмсанж.

Зарим хүмүүсийн хэлдгээр түүх түүх гээд хойшоо хараад өнгөрсөнтэйгөө зууралдаж, урагш харахгүй байна гэх хэтэрхий хөнгөн туйлшралаар асуудалд хандаж хараахан боломгүй санагдана. Мэдээж бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд дэлхий соёл, технологийн дэвшлийг судлах нь зайлшгүй. Гэхдээ үндэсний эв нэгдлийг нэгтгэдэг, түүний гол амин сүнс болсон зүйл бол түүх. Бусад улс шиг оюун санааны хувьд шашнаараа нэгдээд байсан зүйл Монголд үгүй. Харин ч эсэргээрээ Мүүнээс эхлээд шашин бүхний болох, болохгүй урсгал нийгмийн оюун санааг халдварлуулж буй ахуйд бид юугаараа нэгдэх вэ. Бидний дахин шүтээд буй АНУ-ыг бүх талаар хуулбарлавал Монголд ус болох олон зүйл бий. Тэдний “жогорхой” нь ч үүсээгүй тэртээ  3000 мянган жилийн тэрээд бид төрт улсаа байгуулаад дэлхийн дайдад сэтгэж явсан улс.

Аливаад авах гээхийн ухаанаар хандахын учир нь өөр хоорондын нөхцөл байдал огт өөр. Манайх шиг хэл, түүхээ ад үздэг улс гүрэн гэж алга. БНХАУ-д Хятадын болон Коммунист намын түүх гэж хоёр хуваагаад 12 кредитээр үзэж байна. Түүхийн дийлэнх цаг хугацаа нь харийн түрэмгийлэлд өнгөрсөн ч гэлээ Солонгост түүхийг заавал үзэж байна. Үндэсний үзлээ сэргээхийн тулд зарим тохиолдолд түүхээ өөрсөддөө ашигтайгаар тайлбарлан, зохиох нь ч энүүхэнд. Туркийн их, дээд сургуульд түүхийн хичээлийг 12 кредитээр үзэж байна. АНУ ч ялгаагүй өрнөдийн иргэншил гээд түүх ордог талаар сургууль дүүргээд ирсэн хэн хүнгүй хэлнэ. П.Дэлгэржаргал ч үүнтэй санал нийлж “Даяарчлал ба дангаарчлал гэж хоёр зүйлийн харьцааг сайн олох хэрэгтэй. Глобал зүйлийг бол хангалттай үзэж байна” гэсэн. Өнөөдөр манай их, дээд сургуулиуд нийт 120 кредитийн хичээл үзэхээс нийгмийн ухаан 6 кредит, хүмүүнлэгийн ухаан 6 кредит, байгалийн ухаан 6 гээд нийт 18 кредит цагийн хичээлийг даяарчлалд зориулж буй аж. 120-иос ердөө гуравхан кредитийг түүхийн хичээлд олгодог байснаа болиод сонгох хичээлийн жагсаалтанд оруулсан нь их түүхэндээ иргэд баяртай гэж хэлсэнтэй аян дан таарна.

1945 онд монголчуудын дунд явуулсан санал асуулгаар 100 тусгаар тогтнолоо хамгаалсан нь үнэндээ туурга тусгаар улсаа мартаагүй үүх түүхтэй холбоотой. Хэдийгээр бид тэрхүү санал асуулгаар Хятадын нөлөөллөөс мултарсан ч 1990 он хүртэл ЗХУ-ын бүрэн хараанд байсан. Харин тухайн цаг үед бид их хааныха нэрийг хэлэхээс ч эмээж, эзлэн түрэмгийлэгчээр нь дуудаж явсан гашуун үнэн бий. Бидний дунд одоо хэр нь ЗХУ-ын зохиож өгсөн худал түүх хүчтэй оршсоор л байгаа. Дунд сургуулиудын сурах бичигт тэр бүхнийг засч залруулаагүй байхад бүр үзэхээ болих нь. Зарим болчимгүй нэг нь Крымын асуудлаар Оросыг зөвтгөн жигтэйхэн магтаж буй. Үнэндээ Укриан яагаад Крымээ алдаж, ийм байдалд оров гэвэл Оросын талыг дагасан үзэлтнүүд олон байгаагийн тод илрэл. Хүн амын олонх нь үндэсний, Укрианы гэсэн өөрсдийн үзэл алга. П.Дэлгэржаргалын хэлээд байгаачлан “Үндэсний үзлийг нь арчаад хаячихсан шүү дээ. Хүн амынх нь олонх нь тусгаар улс байна уу, үгүй юу хамаагүй гэсэн бодолтой”-н аюул нь улсаа сүйрүүлэхэд хүргэжээ. Биднийг нэгтгэгч эцэг, өвгөдөөс өвлөгдөн ирсэн ариун газар шороондоо эзэн хэвээр байгаа ч бахархалт түүхээ мэдэхгүй бол бид тэднээс өөрцгүй л болно.

Хүн төрөлхтний туулан өнгөрүүлсэн хорин зууны 200 гаруй жилийн өнгө төрхийг тодорхойлсон Монголоос өөр нэг ч улс үндэстэн байгаагүй нь ХIII-ХIV зууны Монголын төрийн бодлого ямар гүн гүнзгий даацтай байсныг гэрчилнэ. Улс орноо уруудуулж, доройтуулж, сөнөж мөхөөхийг эс хүсч, өн удаан оршин тогтнохыг эрмэлзэх нь төр бодлого, үйл ажиллагаандаа залгамж чанарыг зайлшгүй эрхэмлэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг. Өмнөх үеийн уламжлалыг бүрэн гээлгүй шинэчлэн хадгалах нь улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахих нөхцөл,  дэвшин дээшлэхийн баталгаа, гол агуулга хэмээн Монголын түүхийн янз бүрийн үест тогтнож байсан төр, түүний зүтгэлтнүүд хүчлэн чармайж ирсэн билээ. Мэдээж энэ бүхнээ судалж, мартагдсан ой санамжаа сэргээх нь хамгаас чухал атал улам бүр мартагнуулах бодлогыг бариагүй гэж найдъя.

Хэрэвзээ бид энэ бүхнийг үгүйсгэвэл оршихуйгаа олоогүй болж таарна. Оршихыг эс хүсвээс түүхэндээ баяртай гэж хэлээд дахиж нээхгүй далд хийчих шиг амархан зүйлгүй болов уу. Төрөөс үүх түүхээ сэргээхээр дорвитой бодлого барьдаггүй хэрнээ байгаагаа баллуурдах тушаал боловсролын салбарт хэрэггүй л байлтай. Монголыг үгүйсгэгчдээ дагаад Монголын түүх, уран зохиол баяртай гэх үү?!

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж