“Ноён Б.Баттулгын сургалтын төлбөр 61.5 мянган ам.долларыг шилжүүлэв” гэсэн төлбөрийн баримт Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн архивт байдаг гэнэ. “За би хариулъя” гэдэг үгээрээ “од” болох дөхсөн Сонгуулийн ерөнхий хорооны экс даргын мэдлэг боловсролыг сайжруулахад “Эрдэнэт” үйлдвэр тухайн үедээ бараг хоёр өрөө байрны үнэ төлж байсан байх юм. Төсвийн багахан цалинтай гэж гоншигнох мөртлөө төрийн хурган дарга, төрийн өмчит үйлдвэрийн захирлууд гадаадад томилолтоор явах үедээ МИАТ-ийн бизнес ангиллаар зорчих болоод удаж байгаа гэх. Гэтэл Сөүл-Улаанбаатар чиглэлд бизнес ангилалаар зорчиход тасалбарынх нь үнэ хамгийн хямдхандаа нэг сая 841 мянган төгрөг. Дээрх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг учраас яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар хамгийн үнэтэй ангиллаар зорчиж, хамгийн тансаг буудалд тухлах болжээ. Ямар сайндаа л төрийн хурган дарга болоод удаагүй танил маань төсвийн мөнгөөр гадаадын 20 гаруй орноор зорчиж байснаа гайхуулж суух билээ. Зарим нь бүр төрийн мөнгөөр гадаадад зугаалснаа фээсбүүктэй тавьж “бахархдаг” зуршилтай болсон байна билээ.
Компани нь 160 сая ам.долларын өртэй “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь гэхэд олон сая төгрөгийн үнэтэй лексус 470 унадаг. Тэгвэл ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар хуучин машинаа шатаалгасныхаа дараа 50 мянган ам.долларын үнэтэй цоо шинэ машин захиалгаар авчруулж унаж буй. Нийтдээ 490 гаруй хурган дарга албаны машин “хөлөглөж" амь, ажлаа амжуулдаг бололтой. Тэдний дийлэнх нь сүүлийн үеийн загварын хурд, хүч сайтай үнэтэй машиныг захиалгаар авчруулж унах болсон гэх. Мөнгө нь мэдээж төсвөөс гарч байгаа л даа. Ер нь амьдарлынхаа бүх л хэрэгцээг төрөөс хангах сонирхолтой хурган дарга нарын бүхэл бүтэн арми бий болсон. Ажлын хэрэгцээнийхээ “Ipad”-аа ч өөрийнхөө мөнгөөр авчих хоншооргүй дарга цөөнгүй. Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон 35 эрхэм гэхэд төсвөөс 35 сая төгрөгийг гаргуулж хамгийн сүүлийн үеийн “I pad”-тай болцгоосон.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аяны хүрээнд Засгийн газар тэвчиж болох бүх зардлыг хэмнэхээр болж байна. Ингэснээр төсвийн ачаалал 20-30 хувь буурна гэж тооцож байгаа юм. Тэрхүү тэвчиж болох бүх зардалд мэдээж, төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, авто машин, гадаад дотоод томилолт, элдвэ янзын болсон болоогүй семинар сургалтын зардал орж байгаа. Дээрх зардлуудыг Засгийн газар танаж эхлэхээр шийдсэн бөгөөд ингэснээр ямар ч байсан эерэг үр дүн гарна гэж эдийн засагчид үзэж буй. Энэхүү хэмнэлтийг хэдэн жилийн өмнөөс явуулж, тэвчиж болох бүх зардлаа танасан бол улсын төсвийн ачаалал хэд дахин нэмэгдэхгүй байсан нь гарцаагүй. Өнгөрсөн 2009-2012 оны хооронд төрийн хурган дарга нарын гадаад томилолт 8.5 дахин, эд хогшил худалдан авах зардал тав дахин өссөн гэх тоо баримт байна.
Улсын данс улайдаггүй гээд ойлгочихсон төрийн хурган дарга нар заавал “бандгар” жип унах ёстой юу. .Яагаад тэд ажлын хэрэгцээндээ приус машин унаж болдоггүй вэ. Ядаж л хямдхан, шатахуун бага иддэг гээд олон давуу талтай шүү дээ. Шатахууны "мангас"-ууд олшрохын хэрээр төсвийн зардал өсөх нь ойлгомжтой.
Зарим хурган дарга нарын ажлын өрөө гэхэд үзмэрийн байгууллага шиг болчихсон байдаг. Хивс, хээ хуар, зураг хөрөг болсон өрөөнд ажиллахад бүтээмж нь өндөр байдаггүй л юм бол нэг ширээ, нэг компьютер байхад “хаваасаг” биш үү. Тэнд ажил хийх гэж ирдэг болохоос амрах гэж суудаггүй баймаар.
Тиймээс Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх аян”-ы хүрээнд газар хэлтэсийн дарга нарын гадаад, томилолтыг танахаар болсон аж. Чухал шаардлагатай тохиолдолд л газар, хэлтсийн дарга нартгадаад томилолт олгох гэнэ. Түүнчлэн төрийн дарга нарын унадаг унааг жижгэсгэх, зарим дарга нарын албан хэрэгцээнд өгдөг байсан авто машиныг хураахаар шийдээд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох бүх зардлыг тэвчсэнээр эдийн засгийн хямралын энэ үед төсөвт учрах ачаалал 20-30 хувиар буурна гэж тооцож байгаа бололтой. Магадгүй энэ шийдвэр ажил хэрэг болж чадвал хямралтай байгаа төсөвт багагүй дэмжлэх болох нв гарцаагүй вм. Засгийн газрын энэ шийдвэрийг цааш цаашид нь хэрэгжүүлж чадвал төрийн хурган дарга нарын тархинд суусан “улсын өмнгө улайдаггүй” гэдэг ойлголт үгүй болох байлгүй. Ядахнаа утасныхаа төлбөрийг төлүүлж сургах хэрэгтэй биз дээ. Төр үйлчилгээний байгууллага. Гэтэл үйлчилгээний ажилтнуудад үнэтэй машин, тансаг өрөө ямар шаардлагатай вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд гаргасан Засгийн газрын энэ бодлого хэрэвзээ биелэлээ олж чадвал төсвийн хэмнэлтэд маш маш хөшүүрэг болж чадна. Газрын дарга нар гадаадаар зугаалах мөнгийг хэмнэх зөв шийдвэр. Ялангуяа баялаг бүтээгчид ингэж харж байгаа.
Ж.НЯМСҮРЭН