МАН ажлаа өгөхөөр хүсэлт гаргасан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын асуудлаар хуралдана гэсэн мэдээг хараад өөрийн эрхгүй “МАН-ын маск хэрээс хэтэрлээ” гэж хэлмээр санагдлаа. Бодвол тэд энэ асуудлаар яаж олонхийг хорлох вэ гэдэг гаргалгаа хийхээр хуралдах биз.
Эдийн засгаа босго өндийлгө гээд байгаа хэрнээ Ашигт малтмалын хууль оруулаад ирэхээр дахиад л популизмдаад эхэллээ.
Улс оронд маань нүүрлэсэн эдийн засгийн хямрал, валютын хомсдол, өр зээл гээд бидний санаа сэтгэлийг зовоож байгаа олон асуудал улс төрийн зарим хүчинд баярлах шалтгаан болж байна гэвэл та итгэх үү. МАН-ын УИХ-дахь бүлгийн удаа дараа гаргаж байгаа араншинг харвал ингэж дүгнэхээс аргагүй байгаа юм. Эдийн засгийн хямралд эрх барьж байгаа нам, Засгийн газар буруутдаг нь дүрэм боловч арай ч МАН-ыхны хэлж байгаа шиг санаатайгаар улс орноороо тоглоод байгаа зүйл байхгүй биз. Харин МАН олонхийг л сөрж байвал өөрсдөө сайхан харагдана гэж бодож байгаа нь харамсалтай. Уг нь сөрөг хүчний хувьд тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхээ хэвлэл мэдээлэл үүрэг гэж үздэг ч зөвхөн өрсөлдөгчөө хорлох цаад зорилготой үйлдлүүд нь урам хугалаад байна. Улс төрийн ууган хүчний хувьд тэдэнд засаглах туршлага, боловсон хүчин, мэргэжил мэдлэг гээд юм юм бий нь үнэн. Гэхдээ эрх мэдэл л авахгүй бол энэ бүхнээ улс орныхоо эсрэг хандуулахаас ч сийхгүй байгааг нь юу гэлтэй.
Ямарч нам хүчин засгаас буугаад ирэхээрээ ард түмэндээ жигтэйхэн хайртай болдог нь манай монголын жам. Энэ занг нь эрхбиш ард түмэн гадарладаг болоод удаж байгаа шүү дээ хөөрхий. Харин сөрөг хүчний улстөрчид өөрсдийнхөө найруулсан жүжигт хэтэрхий итгээд “эдийн засаг, нийгэмд муу л зүйл болж байвал бидэнд сайн” гэж хандах нь хэрээс хэтэрснийг сануулъя.
Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийж болохгүй тухай хуулийг МАН л юу ч биш болгож хаясныг олон нийт мэдэхгүй гэж бодож байгаа бол уучлаарай л гэж хэлье. Хууль санаачлагч нь 2016 оноос хэрэгжүүлье гээд заагаад оруулж байхад тэд Засгийн газрыг унагааж, эрх баригчдыг хагалах ганцхан зорилготойгоор хаваржин тоглосныг олон нийт хараагүй гэж үү. Тэд үүгээрээ МАН давхар дээлэнд дургүй, АН дуртай гэж олон нийтэд ойлгуулсан улс төр хийлээ гэж андууруузай. Тэдний тавьсан гох дэгээнд тээглээд ажлаа барж байгаа АН ч бас хөөрхий. Улс төрөөрөө бол МАН нь тэднийгээ хорлоод байж чадахтайгаа юм. Эцсийн дүнд энэ хорлолцоонд нь үрэгдэх бид л хөөрхий. Энэ хаваржин дан дээл давхар дээл ярьсанаас өөр ажил хийсэнгүй шүү дээ төр засаг маань.
Хууль зүйн сайдыг огцруулах асуудал дээр ч МАН жинхэнэ тараа таниулж байна. Олонх дотроо ойлголцохгүй маргаад ирэхээр тэд таатайяа мишээж, “Уг нь энэ засгийн дөмөг сайд нь үнэн, өөрсдөө ингэж байгаа бол яая гэхэв” маягийн юм хэлнэ. Олонх харин учраа олоод ирмэгц гишүүдээ дарамталж, сандарч тэвдээд, ирцээ бүрэн байлгаж унагах кнопоо хүрэхгүй болохоор завсарлага авна. Ард нь ажил төрөл падлий ч үгүй. Харин завсарлага авсан шалтгаанаа ард түмэнд аятай харагдуулах гэж хэвлэлүүд рүү “Хууль зүйн сайдын гэмт хэрэг хийсэн нь бараг нотлогдож байгаа гэж зарим хуулийн байгууллага мэдээлсэн учир нэмж тодруулах хэрэг гараад МАН аргагүй завсарлага авлаа” гэнэ. Юу ч гэхэв дээ хөөрхий. Тэгээд үүнийгээ бас улстөр гээд нэрлэчихжээ. Улс төр бол улсаа хөгжүүлэх ухаан юм гэдэг болохоос улсаа мөхөөх уралдаан гэдэггүй биз дээ. Өрсөлдөгчиддөө л муу бол яасан ч яахав гэсэн энэ тэнэг сэтгэлгээ чинь олон нийтийн тэвчээрийг барж байна. Тэгж яривал энэ улс оронд үүссэн өчнөөн олон балгийн жинхэнэ эзэд нь та нар шүү дээ. Авилгал, хээл хахууль, газрын наймаа, далд эдийн засаг гээд өнөөдөр Монголыг боомилож байгаа энэ олон сөрөг үр дагаварын хариуцлагыг тасралтгүй төр барьсан та нараас биш өөр хэнээс нэхэх юм.
МАН-ын бүлэг бодвол хуралдаад Х.Баттулга сайдыг нь огцруулахгүй гэж санал гаргая гэж шийдэх байх даа. Олонхийг хорлох ганц л зорилготой юм чинь. Харин нөгөө ардчилсангууд үүнд нь автаад хоорондоо хэмлэлдээд сүйд болбол тэдний нар гарна даа. Тэгээд үлгэр сунжраад, жүжиг сонирхолтой болоод явчихна. Харин бид яах вэ. Улс төр нэртэй улсаа мөхөөх уралдааныг нь үзээд л суух уу.
А.ТУЛГА