Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

1968 оны оюутны бослогын галын дөлөн дээр боссон Сант Галлены хуралд 200 залуу (маргаашийн удирдагч), 600 улс төр ба бизнесийн лидерүүд (өнөөдрийн лидер) төрөлд уригдан ирдэг бөгөөд бид маргаашийн удирдагч төрөлд эссэний тэмцээнд түрүүлсэн 100 залуугийн хамт уригдан оролцсон юм.

Эрдэнийн Лхагвааг Хонгконгийн think tank болох Global Institute For Tomorrow нэр дэвшүүлсэн бол Танагийн нэрийг хэн дэвшүүлсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Лхагва: Сүүлийн таван өдрөөс чамд юу үлдсэн юм шиг санагдаж байна?

Тана: Тэнд уригдаж ирсэн 200 залуустай танилцаад сурч мэдэх зүйл их байгааг ойлгосон. Залуучууд өөрийн гэсэн бизнес нээж, хармаар байгаа өөрчлөлтөө өөрсдөө авч ирж буйг ойлголоо. Энэ жилийн хурлын үндсэн сэдэв үе хоорондын тэмцэл байсан. Бостоны их сургуулийн профессор Лаурэнс Котликоф илтгэлдээ "Бид хүүхдүүдийнхээ эсрэг дайн хийж, түүндээ ялж байна" гэж хэлсэн. Чи үүнтэй санал нийлэх үү?

Лхагва: Хурлын талаар өөлөх зүйл байгаагүй ч үндсэн сэдэв надад чухал санагдаагүй. Үе хоорондын тэмцэл бүх цаг үед байсан байх. Хуралд оролцогсод ч санал нийлж байсан. Нийгмийн ангиуд буюу баян ядуугийн ялгаа эсвэл капитализмын алдаатай талуудыг ярилцсан бол илүү сонирхолтой байх байлаа.

Тана: Тэгэхээр чиний хэлж байгаагаар хурал дээр өнөөдрийн болон маргаашийн удирдагчдын дунд сөргөлдөөн үүсэхээр уур амьсгал мэдрэгдээгүй гэж үү?

Лхагва: Яг тийм. Бид #bigdata, мэдээллийн эрин дэх хувь хүний нууц, үе хоорондын гэрээ гээд олон асуудлаар үр дүнтэй мэтгэлцсэн. Хурлыг зохион байгуулахын тулд хичээлийн жилээ завсарласан Швецарь оюутнууд албан бус тоогоор нэг сая франк босгож, оролцсон биднийг хөгшин европын бүх сайхан зүйлээр дайлж үйлчилж байсан. Шинэ загварын цахилгаан BMW таксинууд, шоколад болон макарүн.

-Сант Галленд идсэн хамгийн гоё хоол юу байсан бэ?

-Тана: "Carpe Noctem" оройн хоолны үер бидэнд өгсөн үхрийн махан тартар эсвэл швецарь цагаан шоколадны мүсс хоёрын аль нэг л байх даа.

-Илтгэлүүдээс чамд аль нь таалагдсан?

-Лхагва: Энэтхэгийн төв банкны ерөнхийлөгч Рагхурам Ражаны илтгэл. Би түүнээс Монголд хамаатай асуулт тавих боломж олдсон. Tөв банкны бодлого зөвхөн дотоодын асуудал биш олон улсын зах зээлд нөлөөлдөг гэдгийг тэрээр сануулж хэлсэн. Би түүний хаалттай салбар хуралдаанд өмнөх өдөр сууж чадаагүй нь харамсалтай.

-Чамд аль илтгэгч таалагдсан?

-Тана: Би уул уурхайн салбарт ажилладаг учир Glencore-Xstrata компанийн гүйцэтгэх захирал Иван Гласенбэргийн яриа сонирхолтой… бас Харвардын профессор Ниал Фергусоны хаалтын илтгэл "Нийгмийн сүлжээ ба шатлан захирах ёс" илтгэл шинэ санаагаар дүүрэн байсан.

-Чи Хятад улсын талаар хаалттай хуралдаанд Фергусонтой орсон. Ямар байсан?

-Лхагва: Хятадын ойрын өсөлтийг тэрээр их бүрхэгээр төсөөлж байсан.

-Энэ хурлаас Монголд хэрэгтэй зүйлс юу олж харав?

-Тана: Сайн дурын ажлыг өндөр хариуцлагатай авч үздэг соёл мөн байгалийн баялагаа капитал болгох чухал гэдэг хоёр зүйлийг олж харлаа. Хурлыг зөвхөн Сант Галлены их сургуулийн оюутнууд зохион байгуулсан гэхэд Давосын хурлаас илүү зохион байгуулалт сайтай байлаа гэж Ниал Фергусон хэлсэн. Өөрийн хийж буй ажилдаа хэрхэн чин сэтгэлээсээ хандаж байгаа нь гоё. Манайд тийм соёл хэрэгтэй байна. Тэр тусмаа зорилго нэгтэй залуучууд сайн дурын ажлаар дамжуулан ямар их зүйл хийж болохыг ойлговол…

Нөгөө нэг чухал санаа бол байгалийн баялагаа өнөөдөр ашиглаж эдийн засгаа босгох нь чухал гэдэг санаа юм. Мэдээж хэрэг уул уурхайн томчуудын нэг Иван Гласенбэрг энэ санааг чухалчилж ашигт малтмалын секторт итгэлтэй байгаагаа хуваалцсан гэхдээ Норвегийн төв банкны ерөнхийлөгч Тронд Грандэгийн тус улсын баялагийн өвийн сангийн талаар сонсоод Монгол улсад ямар боломжууд байгааг мэдэрлээ.

-Харин чиний хувьд?

-Лхагва: Зарим улсын ерөнхийлөгч, сангийн сайдуудыг сонсоод хүчтэй засаглалтай байна гэдэг захиргаадалт, дарамттай засаглал биш гэдгийг дахин ойлголоо. Мөн Швецарь улсын иргэдийн оролцоотой, шууд ардчилалын талаар сонсоод хөгжиж буй орнуудын хувьд ийм төрлийн улс төрийн тогтолцоо зарим талаараа тохиромжгүй мөн болгоомжтой нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн хувийн бодол тээж явлаа.

Тана: Тэгвэл ирэх жил дахиад явах уу?

Лхагва: Тэгье. Яагаад үгүй гэж.

Танилцуулга:

  • Эрдэнэ овогтой Лхагва нь “Монгол ТВ” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер. Тэрээр олон улсын Ротари сангийн тэтгэлэгээр Хонконгийн их сургуульд сэтгүүл зүйн магистр зэрэг хамгаалсан.
  • Жамбалдоржын Тана нь Австрали улсад Рио Тинто компанид ажиллаж байгаад одоо Оюу Толгой компанид ажилладаг. Харвардын их сургуулийг эдийн засаг болон зүүн ази судлалаар төгссөн.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж