Лондонгийн олимпийн мөнгөн медальт, хөнгөн атлетикийн 800 метрийн гүйлтийн экс-аварга, Өмнөд Африкийн тамирчин эмэгтэй Кастер Семеня шигшээ багийнхаа найз бүсгүй Виолет Расеболатай сүй тавьсан тухай “AIPS” сайт мэдээлэв. Үндэсний уламжлалын дагуу Семенягийн хамаатнууд Расеболагийн гэрт зочилж, “бэр гуйж”, инжийн талаар тохиролцсон байна. Инж нь 25 мянган рант (ойролцоогоор €1750) болжээ. Энэ хэмжээний инжийг төлснөөр Расебола албан ёсоор макоти /сүйт бүсгүй/ болсон байна. Ингээд хосууд хуримын бэлтгэлдээ оржээ.
“Кастер, Виолет хоёр салшгүй дотно, тэд бие биедээ хайртай. Тэднийг гэрэлт ирээдүй хүлээж байна. Хуримын дараа тэдний спортын карьер мандана гэдэгт итгэж байна” хэмээн тэдний найз ярьжээ.
Берлиний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Семенягийн хүйсийн асуудал дуулиан болж байлаа. Мэргэжилтнүүд түүнийг эмэгтэй хүн эсэхэд гэдэгт эргэлзсэн юм. Түүнийг Берлинд жендерийн шинжилгээнд хамруулж, хариуг няглан үзсэний дараа Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2010 оны зун Семеняг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн билээ.
Ш.МЯГМАР