Монголын Тамирчдын өдөр, Олон улсын олимпын өдөр, Монголын Үндэсний Спортын IV их наадмын хаалтын ажиллагаанд зориулсан Тамирчдын гала тоглолтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар тамирчдадаа хүндэтгэл илэрхийлж, зарим тамирчдад Засгийн газрын мөнгөн шагналыг гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд нийт тамирчин дасгалжуулагчдад хандаж хэлсэн үгэндээ “ Энэ жилээс улсын аварга шалгаруулах тэмцээнийг төрөөс санхүүжүүлэх эрхийг тодорхой шалгуур хангасан спортын холбоодуудад гэрээний дагуу олгож эхэлсэн нь энэ салбарт хийгдсэн шинэчлэлийн эхлэл гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого сайжирч биеийн тамир, спортын байгууллагуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэж байна. Энэ онд нийслэл болон дөрвөн аймагт спортын шинэ ордонг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэлээ.
Мөн тэрбээр Засгийн газрын тогтоолоор 2010 онд Үндэсний спортын их наадмыг орон даяар гурван үе шаттайгаар үндэсний спортын 9 төрлөөр зохион байгуулан давхардсан тоогоор 450 мянга гаруй хүнийг хамруулсан нь Засгийн газраас батлагдсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх томоохон ажил боллоо гэдгийг онцолж байлаа. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод суурилсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг ойрын үед боловсруулж Засгийн газраас батлах гэж байгааг дуулгасан юм. Тус хөтөлбөр батлагдсанаар төр, засгаас биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого чиглэл, иргэдэд хүргэх үйлчилгээ тодорхой болно гэж тус салбарынхан талархаж байна.
74 дэх жилдээ тэмдэглэж буй Монголын тамирчдын өдрийн арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх Үндэсний хорооны дарга С.Батболд “Дэлхийн улс орнуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимпын 30 дугаар наадам хоёр жилийн дараа эхэлнэ. Монгол түмний баяр бахдалыг төрүүлсэн Олимпийн алтан медаль хүртсэн амжилтын буухиаг Лондонд үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар баг тамирчдаа Олимпын наадамд амжилттай оролцуулахад бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.