“Хавдрын эсрэг аян” Дархан-Уул аймгаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг аян” Дархан-Уул аймгаас эхэллээ

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 4 дэх жилдээ хэрэгжүүлэхээр болсон билээ.  

Тэгвэл хуваарийн дагуу аяны эхний баг Дархан-Уул, Сэлэнгэ  аймгуудыг зорьж, 5-р сарын 12-ны өдөр аяны нээлтийг Дархан –Уул аймагт зохион байгууллаа. Аяны нээлтэнд  Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Амарсанаа, ХСҮТ, ХААН Банк, МҮОНРТ-ийн удирдлагууд болон Дархан –Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч ажилтнууд болон иргэд өргөнөөр оролцлоо. Энэ жилийн хувьд аяны баг Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс, Дорнод, Сүхбаатар гэсэн 9 аймгийг сонгон ажиллаж, иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах юм. Аяны баг 5,6-р сард орон нутагт ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.   

Орон нутагт ажиллах ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэс заслын болон үзлэг оношилгооны гэсэн 2 үндсэн багт хуваагдаж аймгийн Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлгээс урьдчилан гаргаж өгсөн эрсдэлт бүлгийн иргэдэд хорт хавдрын иж бүрэн үзлэг оношилгоо хийх юм. Түүнчлэн тухайлсан гурван аймаг болох Дархан-Уул, Ховд, Дорнод аймгийн хавдрын хүнд өвчтөнүүдэд орон нутагт нь хагалгаа хийж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Энэ удаагийн аянаар сум багийн иргэд, малчдыг үзлэг оношилгоонд түлхүү хамруулахаар зорьж байна. Түүнчлэн уламжлал ёсоор ХААН Банкны ажилтнууд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл түгээх юм.

Хавдар өвчнийг эрт шатанд  оношилж, эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах замаар хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буй хавдрын өвчлөлийг бууруулахад  “Хавдрын эсрэг үндэсний аян” бодитой хувь нэмэр оруулсаар байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян -2014”-ийн баг хамт олны хүлгийн жолоо татах дараагийн өртөө Сэлэнгэ аймаг. Аяны баг тус аймагт 5-р сарын 18-23-ны өдрүүдэд ажиллах юм.      

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж