Хаалганы наана, цаана…

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хаалганы наана, цаана…

Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө нэгэн
тансаг хүлээн авалтад зочилж билээ. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн
нэг “АПУ” компани шар айрагныхаа үйлдвэрлэлд өртгөтгөл хийж, шинэ
савлагаатай гаргах болсныхоо нээлтийн ажиллагааг нэлээд өндөр хэмжээнд
зохион байгуулж, УИХ, Засгийн газрын гишүүдээс авахуулаад урлаг соёл,
спортын алдартнуудыг нэг дор цуглуулсан юм. Мэдээж энэ том арга хэмжээг
үзэж нүд хужирлаасай хэмээн сэтгүүлчдийг ч бас урьсан.

Ерөнхий
сайд С.Батболд өөрийн биеэр зочлон нээлтийн тууз хайчилж, танхимынх нь
гишүүд болох С.Баярцогт, Л.Гансүх, Даш.Зоригт, гишүүн Д.Загджав,
З.Алтай, Д.Одбаяр, Ц.Цэнгэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
Ц.Баярсайхан гээд нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж, ангийнхаа нөхрийн
зассан идээ будаанаас нэрэлхэлгүй “цааш нь харуулсан”. Учир юун гэвэл 70
жилийн түүхтэй энэ үйлдвэрийг хувьчилан авч, орчин үеийн шаардлагад
нийцүүлэн ажиллуулаад, монголчуудын нэлээд хэсгийн нэг төрлийн хэрэгцээг
хангаж, басхүү улсын төсөвт багагүй ашиг орлого оруулдаг хүн бол УИХ-ын
дэд дарга Г.Батхүү. Одоо энэ бизнесийг нь түүний төрсөн дүү П.Батсайхан
хөтлөн явуулдаг. Энэ оройн зочилгоонд манай урлаг соёл, спортынхны ч
төлөөлөл ч цөөнгүй уригдсаныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, “АПУ”-гийн бас
нэг “брэнд бүтээгдэхүүн” шахуу болчихоод байгаа Ардын уран зохиолч
Т.Галсан тайзан дээр “АПУ-гийн бүтээгдэхүүнийг насаараа хэрэглээд
үхсэнгүй” гэсхийн нэлээд халаалттай гарч ирээд ерөөж гарсан. Удахгүй 15
жилийнхээ ойн тоглолтыг хийх гэж байгаа “Камертон” хамтлагийнхан ирсэн
гийчдэд дуугаа өргөж, “Монгол модель” агентлагийн захирал, топ модель
Л.Болортмаа охидтойгоо ирчихсэн энэ тэр. “АПУ”-гийнхан уригдсан гийчдийн
нүдийг хүжирлаж, өнгийг нэмэхийн тулд нэг загвар өмсөгчийг 50.000
төгрөгөөр хөлслөн зочдын дундуур алхуулсан гэж байгаа.

Ардчиллын

гишүүд аминчлав
Гэхдээ энэ оройн хүлээн авалт ямар нэг албан ёсны дэг жаяг,
цагийн хуваарьгүй, ирсэн гийчдийг өөр хооронд нь танилцуулах, удаан
уулзаагүй нэгнийг нь хоорондоо жаал ам халаад аваасай гэсэн шиг ая
тухтай, үйлчилгээ сайтай байсныг бас хэлэх хэрэгтэй болов уу. УИХ дахь
Ардчилсан намын бүлгийн хэдэн гишүүн, Г.Батхүү, Ц.Баярсайхан,
Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нар лав хоолны ширээнээс холгүй,
нэлээд аминчхандуу зогсоод амттайхан зоогны даруулга болгон “буу халж”,
тэдэн дээр Д.Загджав гишүүн нэмэгдсэн байлаа. Харин нэлээд хоцорч
зочилсон Д.Одбаяр гишүүн Ц.Цэнгэл, З.Алтай нартай нэгдсэн. Яг ижилхэн
цэнхэр зангиа, цагаан саарал “гонжоом”-оор гангарсан, нуруу туруу ч тэгш
С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар оройн зоогны дараа “Монгол модель”-ийн
загвар өмсөгчдөөс дутахгүй гоёмсгоор зочдын дундуур талбайг тойрон
алхаж, хүүхнүүдийн нүдийг хужирлаж аваад гарч одсон. 

Дагваа
аварга “фонн” боллоо

Харин мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хүлээн авалтын
талбайд орж ирсэн цагаасаа эхлэн хэвлэлийхнийг дагуулж, уурлахдаа
уурлаж, инээхдээ инээсээр, эцэстээ тэнд цугласан бараг бүх хүмүүстэй
ээлжлэн зураг авахуулж, нэг хэсэг “фонн” болов. Ингэж удаан тэвчсэний
дараа тэр орой 21.00 цагаас эхэлсэн хөлбөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтыг үйлдвэрийн хашаанд шинээр
зассан “Нийслэл” асарт үзэхээр дотогшилсон юм. Тэгэхэд талбайн эзэн
Өмнөд Африкчууд Мексикийн багтай тоглосон юм. 

Г.Батхүү
даргын сайхан эхнэр

Мөн энэ оройн бас нэг гол хүн нь
УИХ-ын дэд дарга Г.Батхүү өөрийн биеэр байлаа. Түүний сайхан эхнэрийнхээ
хамтаар уригдсан зочидтой яриа дэлгэж оройг өнгөрөөсөн. Харин дүү
П.Батсайхан нь танил бүсгүйчүүд болоод их аваргатай илүү ойр байх
жишээтэй. Нэг удаа намхавтар нуруутай сэтгүүлч бүсгүй ордны коридорт
Г.Батхүү гишүүнтэй таараад ярилцлага авахаар дуу хураагчаа дээш нь
барихад манай хүн жишим ч үгүй дээгүүр хараад л асуултад нь хариулж
байж. Тэгтэл үргэлж дээшээ өнгийгөөд гар нүд нь чилсэн сурвалжлагч
нэлээд ууртайгаар “Та чинь ямар сонин хүн бэ, суугаад ярь л даа” гээд
хажууд байсан буйдан руу заасан гэдэг. Их хурлын дэд даргын эхнэр өөрөөс
нь дутахгүй өндөр нуруутай, тас хар ус, дугариг алаг нүд, жинхэнэ
монгол төрхтэй, дэгжин бүсгүй. Нэр нь хэн билээ дээ…

“Бас л
завгүй” Болороо

Монголын загварын акулуудын нэг
“Монгол модель” агентлагийн захирал Л.Болороо энэ өдрийн хамгийн завгүй
хүн байв. Загварынхаа охидоос гадна найз бүсгүйтэйгээ ирсэн топ маань
энэ оройн туршид нааш цаашаа алхан утсаар ярьж, талбай дүүрэн зочдыг ч
анхаарах чөлөөгүй байлаа. Тун цөөхөн хүнтэй уг сольсон доо. Харин түүний
өмссөн бараан өнгийн богинохон, дэгжин жакетны хортойгоор нэгэн этгээд
гоёл сэнжигнэж харагдсан. Нас дөч гарч яваа топ модель маань хүйснийхээ
нүхийг цоолж, дэгжин хийцтэй мөнгөн ээмэг унжуулсан нь харин ч этгээд,
хөөрхөн харагдаж байлаа.  

З.Алтай гишүүн эхнэрээ өхөөрдөв
УИХ-ын бие даагч гишүүн З.Алтай энэ
оройн хүлээн авалтад ч нэлээд “бие даасан” байдалтайгаа, гэртээ харьж
хувцасаа солиод эхнэрээ дагуулж ирсэн байв. Д.Загджав, Ц.Цэнгэл,
Д.Одбаяр, зууны манлай нийтлэлч Б.Баабараас авахуулаад тэдний ширээгээр
эргэх хүн цөөнгүй. Багахан халцгаасан ч харагдсан. Харин үдэшлэгийн
албан ёсны хөтөлбөр өндөрлөж, “АПУ”-гийнхан өнгө өнгийн салют буудуулан
гийчдээ үдэхэд гишүүний эхнэр тасралтгүй будах салютын нүргэлсэн дуунаас
айн цочихдоо хүүхэд шиг “Ээж ээ” хэмээн хашгирч, З.Алтай гишүүн түүнийг
нь өхөөрдөн инээмсэглэж байлаа. Салют тэсрэгч нь дутуу шатаад хүмүүсийн
үс толгой дээр бууж ирэх явдал цөөнгүй байсан тул нэг харахад их аварга
маань хүртэл нэлээд барьц алдчихсан, толгойгоо бариад хоёр модны
хооронд гүйж харагдсан шүү, хэхэ…

Хоёр алхмын зайд
Ингээд

шар айрагны шинэ үйлдвэрийн нээлтэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт
өндөрлөж, бага зэрэг халсан нөхдүүдийг асарт үлдээн гарч явахад, өнгө
өнгийн тууз, бөмбөлөгөөр чимж гоодсон “АПУ”-гийн хаалгаар дөнгөж гараад
хоёр алхахад нийслэлийн борчуудын эгэл амьдрал тосов. Автобус хүлээж,
эсвэл өдрийн ажилдаа ядарч чилсэн хүмүүс замын хашлага налан суух нь
сууж, микро автобусууд хүнээ булаалдан хэрэлдэж, хойно урдаа орон
дохиогоо хангинуулна. Оройтож бууж байгаа автобусны кондуктор бүсгүй
согтуу зорчигчийг хөөн байдгаараа хараал урсгаад л. Бичигч маань тэдний
нэгэнд суугаад дасал болсон гэр хорооллынхоо харанхуй гудамжийг зорино
гэхээр их сайхан зүүд зүүдэлж байгаад гэнэт хүйтэн усанд унан хүчээр
сэрэх шиг л болов. Нөгөө “Даян дээрхээс далайн ёроолд шидэгдэв ээ" гэдэг
шиг… 
Гэвч хүлээн авалтын ширээнээс жолоочоороо угтуулан хар теннтэй машинаар
сүргэнүүлж одсон манай дээдсүүд эгэл амьдралын энэ үнэн дүр зургийг олж
харахгүй нь харамсалтай.
Хаалганы наана, цаана. Хоёрхон алхмын
зайд… 

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж