330 орчим бүтээгдэхүүнээс инфляцийг тооцдог

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

330 орчим бүтээгдэхүүнээс инфляцийг тооцдог

Үндэсний статистикийн хорооноос Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийнхэнд  “Инфляцийг ингэж тооцдог” сэдэвт сургалтыг өнөөдөр хийлээ. ҮСХ-ныхон инфляцийг буруу тооцдог, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит байдал дээр өсөөд байхад инфляцийн төвшинг зохиомлоор барьдаг гэсэн шүүмжлэл бий. Тиймээс энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл өгсөн юм.

Инфляцийн төвшинг тогтоохдоо хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний болон барааны үнийн өөрчлөлт дээр суурилдаг байна. Тодруулбал, нийслэлд 329, аймаг орон нутагт 214 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг үндэслэдэг ажээ. Үүнийг хэрэглээний үнийн улсын индекс гэх бөгөөд индексийн дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг таван жил тутамд шинэчилдэг байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар гуравдугаар сарынхтай харьцуулахад  инфляци 1.0 хувиар өсч, 12.3 хувьтай байгаа. Үүнд хүнсний бараа, ундаа, ус, гутал, хувцас, бөс барааны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Инфляцийн энэхүү төвшинг илтгэх бараа, үйлчилгээний жагсаалт 2010 оныхоор байгаа бөгөөд 2015 онд шинэчлэх ажээ.

Харин өнгөрсөн жилийн  эцсийн байдлаар инфляцийн өсөлтөд импортын барааны үнэ 60 хувиар өссөн нь  нөлөөлсөн байна. Инфляцийг буруу тооцож байна гэсэн шүүмжлэлийн нэг жишээ нь, “Өндөгний үнэ сүүлд гэнэт өсөхөд инфляцид яагаад ямар ч нөлөөгүй байна вэ. Зохиомлоор бариад байгаа юм биш үү” гэж их ярьдаг. Тэгвэл энэ асуудалд Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч Б.Сарангэрэл “Өндөгний хувьд үнэ огцом өссөн ч хүн амын хэрэглээний жинд бага хувь хэмжээ эзэлдэг учраас инфляцид  төдийлөн нөлөөлдөггүй” гэж хариулсан юм.

У.БОЛОР

Үндэсний статистикийн хороо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж