УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайдын тайлбарласнаар энэ удаагийн төсвийн тодотгол нь шийдвэрээр өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн хязгаарлагдмал тодотгол гэнэ. Тиймээс төсвийн үндсэн тэнцвэр балансыг хөдөлгөөгүй, төсвийн алдагдал нэмэгдээгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн шалгуур үзүүлэлт дөрвүүлээ хангагджээ. Гэхдээ дотор нь зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, Сангийн сайдын багцад байсан 139.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу хувааж хуваарилжээ. Цалингийн зардлыг сүүлийн хагас жилд нэмэгдүүлж байгаа учраас төсвийн эрх захирагчид шилжүүлсэн юм байна. Харин дараагийн төсвийн тодотголуудыг эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдаж оруулж ирэх гэнэ. Ийм шаардлага бодитой үүссэн, нэгдүгээрт, УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол баталсан. Хоёрдугаарт, Засгийн газар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай багц арга хэмжээ авахаар өнгөрсөн бямба гаригт тогтоол гаргасан. Үүний үр дүнг тооцож, төсвийн тодотголыг дахин оруулж ирэх шаардлага үүсч байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төсвийг олон удаа тодотгох нь Засгийн газрыг хариуцлагагүй байдал руу түлхэж буйн зэрэгцээ бодит байдлаа тооцож чадахгүй төсвийн хуулийг оруулж ирж байгаагаас төсвийн хуулийг дахин, дахин тодотгох шаардлага тулгарч байна хэмээн шүүмжлэв. Эцэст нь Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт юм. Танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт 67.1 хувьтай юм байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 нь улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, тав буюу 4.1 хувийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс хэрэгжээгүй. Мөн ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарсан нь төлөвлөж байсан хэмжээнээс 7.3 нэгжээр бага хэдий ч өсөлт 2 оронтой тоонд хадгалагдсан байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2013 онд 3972 ам.долларт хүрч зорилтот түвшингээс доогуур гарахад ам.долларын хөншийн огцом өсөлт голлон нөлөөлсөн тухай онцоллоо.
Инфляцийн түвшин 2013 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын түвшинд 12.3 хувьтай гарчээ. Мөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төсөл, хөтөлбөрийн шугамаар хийгдсэн ажлын хүрээнд 12138 ажлын байр шинээр бий болсон байна. Чингэхдээ 11581 нь байнгын, 557 нь түр ажлын байр аж. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 526 иргэнд 857 сая, 21 аймгийн 1095 иргэнд 1.8 тэрбум төгрөгийг олгож, 2073 ажлын байр бий болгосон тухай тодотголоо.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн А.Бакей “Жил бүр өмнөх оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцдэг ч энэ нь ёс төдий явж ирсэн. Цаашид Үндсэн чиглэл байна гэж үзвэл шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох ёстой. Зарим тоон үзүүлэлт бодит байна. Харин хэмжиж болохгүй үзүүлэлтүүд учир дутагдалтай, ерөнхий дүгнэж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг “2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй, УИХ-аас тогтоосон ажлыг Засгийн газар муу хийсэн” гэж шүүмжилсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төсөл байлаа. Ажлын хэсэг нь Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцжээ.
Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулсан байна.
Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа хэдий ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж Ажлын хэсэг үзэж, нийслэлд шинээр баригдаж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан болохоо эмнэлгийн удирдлагууд уулзалтын үеэр хэлсэн байна. Тиймээс ажлын хэсэг гаргасан дүгнэлтдээ эмнэлгийн эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн, аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгохоор тусгасан юм байна. Үүнийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Түүнчлэн дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар Эмнэлэг барих асуудлыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдэлгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн С.Эрдэнэ гишүүн Улсын клиникийн ачаалал ихтэй байгаа нь ор хоногийг нь нэмсэнтэй холбоотой. Ингэхдээ зөрүүлээд хувийн хэвшлийн ор хоногоос хассан байгаа. 100 ортой эмнэлгийг 110-аар баталчихаад даатгалын санхүүжилтийн хувь хэмжээг нь заагаад өгчихсөн. Эрүүл мэндийн сайд нийгмийн даатгалын сангийн хуваарилалтыг хийх эрхгүй. Нэг талаас нь нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлыг нэмээд байхад даатгуулагчид очиж байгаа мөнгийг янз бүрийн байдлаар бууруулаад байгаа нь эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт биш хэмээн шүүмжлэв. Мөн клиникийн том эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учраас хувийн эмнэлгүүд рүү шилжүүлж, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах шаардлага байгааг хэллээ.
Эцэст нь эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан авах арга хэмжээг 2014 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуралдаанаа өндөрлүүлсэн юм.
Г.ДАРЬ