Ажилгүйчүүдэд эмэгтэйчүүд давамгайлдаг

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Ажилгүйчүүдэд эмэгтэйчүүд давамгайлдаг

Нийгэм дэх ерөнхий хандлагаар бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ хэсэг зуур суудаг учраас хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй байх нь нийтлэг үзэгдэл. Тэгвэл энэ байдал Үндэсний статистикийн хорооны сарын тойм судалгаан дээр тодорхой гарч ирсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 41.4 мянга болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эдгээр ажил хайгчдын 35.1 мянга нь ажилгүй иргэд, үлдсэн нь одоо ажилтай хэрнээ ажлаа өөрчлөхөөр зэхэж бүртгүүлсэн иргэд ажээ. Ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6.8 хувиар буурсан боловч гуравдугаар сарынхтай харьцуулахад 2.3 хувиар эргээд өссөн гэх юм.

Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг боловсролын төвшнөөр ангилвал, хамгийн их нь бүрэн дунд болон бакалаврын зэрэгтэй хүмүүс ажилд орж чадахгүй байгааг ойлгож болно. Харин магистр, докторын зэрэгтэй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүс ажил хайхаар цөөн бүртгүүлдэг байх нь. Өөрөөр хэлбэл,өндөр боловсролтой иргэд тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ч хувиараа орлогоо шийдсэн байдаг бол МСҮТ төгссөн иргэдэд хаана ч ажлын байр олддог гэсэн олны яриаг энэ судалгаагаар баталж болох талтай ажээ.

Хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 18.5 мянга буюу 52.7 хувийг эмэгтэйчүүд, үлдсэнийг эрэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь зөвхөн бүртгэлтэй иргэдийн тоо бөгөөд хөдөлмөр зуучлалын байгууллагад бүртгүүлэлгүй хувиараа ажил хайж яваа, ажилгүй иргэдийн тоо тодорхойгүй. Тэгвэл ямартай ч баттай тоогоор эмэгтэйчүүд ажил хайх нь элбэг байна.

Эмэгтэйчүүдийн талаарх тоон мэдээлэл өөр нэгэн үзүүлэлт дээр мөн гарч байна. Ажиллах хүчний буюу эдийн засгийн идэвхтэй хүн амыг тодорхойлох судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар 15 болон түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.660 мянга байгаагийн 52.4 хувь нь эрэгтэй, үлдсэн 47.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ. Ингэхээр дээр өгүүлсэн ажилгүй иргэдийн 52.7 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн тоотой энэ үзүүлэлт утга дүйж буй. Өөрөөр хэлбэл,  эдийн засгийн идэвхгүй хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их, ажил хайгч эмэгтэйчүүд элбэг байгаа талаарх судалгааг статистикчид гаргасан байна. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж