2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийж, гишүүд асуултдаа хариулт авсан юм. Үүний дараа гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн С.Баярцогт 2015-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг Өрийн удирдлагын тухай хуультай хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн учраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Мөн төсвийн тодотголын төсөл болон холбогдох хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулах байсан ч хуучин Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар болсон юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай,  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй юм. Үүгээр Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Ш.ОЧ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж