“Sweetymotion” эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” эх орондоо ирлээ

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2003 оны арванэгдүгээр сард дэлхийн хэмжээний хамтлаг болохоор “Эмоушн” хамтлагийн бүсгүйчүүд АНУ-г зорьж байсан. Тэгвэл тэд өнөөдөр эх орондоо эргэн ирлээ.

“Sweetymotion” хэмээн хамтлагийн нэрээ өөрчилж уран бүтээлээ хийх болсон бүсгүйчүүд өнөөдөр 14.30 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан байна. Тэднийг урлаг соёлынхон болон гэр бүл найз нөхөд, шүтэн бишрэгчид нь угтаж авсан юм. Хамтлагийнхан продюсер Б.Чинбатын хамт ирсэн бөгөөд тэд шууд “Монгол Ньюс” мэдээллийн төвийг зорьж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Пентатоник” наадмын олон удаагийн шагналт, мэргэжлийн хэмээн үнэлэгддэг тус хамтлагийн гурван бүсгүй болон продюсер Б.Чинбат нар хэлэхдээ “Монгол орон минь их сайхан болжээ, эх орондоо ирсэндээ баяртай байна. Эх орны минь агаар нь хүртэл сайхан юм. Улаанбаатар хот маань их эрч хүчтэй яг л Токио шиг сайхан хот болсон байна. Олон машинтай болсон байна. Бас их олон шинэ барилгууд баригджээ. Бид эх орондоо хайртай. Энэ удаад бид долоон жилийн анх удаа эх орондоо ирлээ. Бид хамтлагийнхаа нэрийг сольсноос хойшхи анхны бие даасан цомог гарсан. Шинэ цомогтойгоо эх орондоо ирсэндээ баяртай байна” гэв. Сонирхуулахад тус хамтлагийн “Sweetymotion” цомог нь ирэх долдугаар сарын 4-нөөс эхлэн худалдаанд гарах юм байна. Сонирхуулахад,  Б.Чинбат, Сарнай хоёр Вашингтонд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд хуримаа хийсэн байна. “Sweetymotion” хамтлагийнхан хэвлэлийн бага хурлаа “Ингэн тэмээний дуу” хэмээх хуучны сайхан дуугаараа өндөрлөлөө.

М.Дөлгөөн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж