
Тэрбээр, Монгол Улсын хүн амын насжилт идэршиж, хүн амын “цонх үе” нээгдсэн энэ үеийг улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тусгахыг санал болгоод хүн амын цонх үеийг зохистой ашиглаж чадвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж гарч ирж байгаа тухай дурьдлаа. Түүний ярьснаар 40-50 жилийн дараа Монголын хүн амын ихэнх нь ахмад настны бүлэг рүү шилжиж, нийгмийн даатгал, халамж үйлчилгээг төрийн бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарах юм байна. Азийн хөгжиж буй орнууд болох Тайланд, Сингапур, Япон улс хүн амын цонх үеэ ашиглаж хөгжлийн болон төрийн бодлого, хөтөлбөрүүдтэйгээ уялдуулснаар хөгжиж чадсан. Харин Филиппин, Шри-Ланк, АФрикийн зарим орнууд энэ боломжоо ашиглаагүй, харин Монгол Улс Вьетнам, БНХАУ-тай яг адилхан хөгжлийнхөө гарц дээр ирснийг тэрбээр онцолж байлаа.
Мөн Засгийн газрын бүтцэд төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн төв байгууллага байгуулж, хүн ам, хөгжлийн асуудлыг төрийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгаж уялдуулах удирдлага, зохион байгуулалт шаардлагатай байгааг санал болголоо. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хүн ам, хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа хэдий ч эрх мэдлийн хүрээ нь арай хязгаарлагдмал байгаа, ер нь Монголтой төстэй дэлхийн зарим оронд д хүн ам, хөгжлийн асуудал хариуцсан яам байдаг тухай хэллээ. Түүнчлэн УИХ-ын энэ хаврын чуулганаар Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг дэмжин хэлэлцэж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан төлөөлөгчид Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, ололт амжилтын талаар болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох тухай дурьдлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаа, тус сангаас үзүүлж буй тусламж дэмжлэг, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл өндөр байдгаа онцлоод цаашид хоёр талын хамтын ажиллагааны үр өгөөжийг улам дээшлүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч хамтран ажиллах, хүн ам бодлого төлөвлөлтийн асуудлаар Суурийн төлөөлөгчийн тавьсан саналыг Засгийн газарт уламжлахаа илэрхийлэв. Харин Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийн тухайд өөрийн орны онцлог байдалтай уялдуулж шийдэх зарим асуудал байгаа тул УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах бодолтой байгаагаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.