Дүнжингарав, Улиастай чиглэлийн зам ашиглалтад орсноор түгжрэл 30 хувь буурна
-БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЛЭГ БАЙДЛААР ХИЙЖ БАЙГАА ГЭВ-
Хаврын тэнгэр хуйсганаж, цасаар шуурсан өдөр шинэ автозам тавигдаж буй бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төвийг зорилоо. Тус төвийн урдуур тавигдах шинэ автозамын ажил аль хэдийнэ эхэлжээ. Зүүн тийшээ 6 км үргэлжлэх шинэ зам Улиастайн гүүр хүртэл тавигдах аж. Автозамын ажлыг Үндэсний компани болох “Хансуун зам” ХХК гүйцэтгэж буй юм байна. 200 гаруй монгол залууг ажлын байраар хангажээ. Үндэсний компани, тэр дундаа монгол залуучууд зам тавьж чаддаг гэдгээ харуулсаар өдийг хүртэл ажиллаж байгаа талаар тус компанийн Ерөнхий захирал Х.Алтансүх бидэнд ярив. Тэр хэрээрээ нийгмийн хариуцлагаа хүлээж, ажилласаар өдийг хүрчээ.
Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаа “Бүтээлч монгол хүн” буландаа онцолж байна. Автобус, унаа явдаггүй, автозамын түгжрэл их, буруу газар баригдсан гээд үргэлжийн хэл ам дагуулж байсан Дүнжингарав худалдааны төвийн урдуур автозамтай болох нь. Энэ хэрээрээ нийслэлийн автозамын ачаалал ч багасна. Энэ зам ашиглалтад орсноор зүүн талаас Улаанбаатар хот руу орж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг 30 хувиар сааруулах тооцоололтой байгаа аж. Одоогоор замын суурийг тавьж байгаа бөгөөд нийт ажлын 20 хувийг хийжээ. Энэ эрчээрээ ажиллаад байвал төлөвлөгөө ёсоор 2014 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өдөр тутмын хяналт, шалгалтыг байнга хийдэг гэнэ.
Тус компанийн ажилчид борооны ус зайлуулах шийдлийг шинээр хийж байгаа гэлээ. Энэ талаар Ерөнхий захирал Х.Алтансүх “Борооны ус зайлуулах байгууламжийг далд аргаар шийдээд, худгийг үзэмжтэйгээр замын хашлагатай уялдуулж өөрсдөө цутгаж хийж байгаа. Энэ нь шинэлэг бөгөөд чанарын баталгаатай хийгдэх ажил юм” гэв. Шинэ замын хувьд 15 метрийн өргөнтэй, 4 эгнээ урсгалтай тавигдах юм байна. Хоёр талдаа ногоон байгууламжтай бөгөөд замын урд талаар 3 метрийн өргөнтэй дугуйн зам, нөгөө талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгджээ. Түүнчлэн гэрэлтүүлэг хийж өгснөөр цогцоор нь асуудлыг шийдэж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын жишиг зам болох юм байна. Нийслэлийн автозамын газраас замын ажил эхлэхэд хөдөлмөр, хамгаалал, аюулгүй байдлын талаар чиг үүрэг өгчээ. Үүний дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Замын ажил явагдаж байна” гэсэн анхааруулгыг шинэчилж, нүдэнд харагдахуйц байдлаар байрлуулсан байлаа. Мөн 24 цагийн пост ажиллуулж байгаа гэв. Газар чөлөөлөлтийн ажил багатай учраас ажил сайн явагдаж байгаа талаар инженерүүд нь ярьж байлаа.
-ӨНДӨРХӨӨН, ЧОЙБАЛСАНГ ХОЛБОСОН АВТОЗАМ ДОЛДУГААР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО-
Тус компанийн ажилчид хоёр хуваагдан ажиллаж буй юм байна. Тэдний нэг хэсэг нь Дорнод аймагт Өндөрхаан, Чойбалсан чиглэлийг холбосон 27 км автозамын төсөл дээр ажиллаж байгаа аж. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын нэг хэсэг юм байна. Хөгжлийн банкнаас санхүүжигдэж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэлээ. Ер нь хот, хөдөө хаана ч зам тавигдаж байгаа үед захиалагч талаас буюу Зам тээврийн яам, нийслэлийн Автозамын газрын хяналт, шалгалт сайжирсан гэж хэллээ. Яамнаас сард хоёр удаа газар дээр нь очиж нөхцөл, байдалтай танилцан асуудлыг шийддэг байна. Дүнжингарав, Улиастайн гүүр чиглэлийн замын төсөл дээр ч байнгын хяналт шалгалт хийгддэг бөгөөд хугацаандаа хүлээлгэн өгнө гэж байлаа.
Ж.ГАНЦЭЦЭГ
Гэрэл зургийг М.АМАРЖАРГАЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"