УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан Хөдөлмөрийн яамтай хамтран өнөөдөр “Танд ямар бэрхшээл байна вэ” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад жижиг, дунд бизнес эрхлэгч 400 гаруй эмэгтэйчүүд оролцож, тулгамдаж буй бэрхшээлээ ярилаа. Тухайлбал, арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ж.Саран, Ж.Болорчулуун нар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй ирсэн ижил төрлийн бараа бүтээгдэхүүн олноор худалдаалж, үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтад ихээхэн хүндрэл учруулдаг хэмээн тайлбарлав.
Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь барьцаа хөрөнгө байдаггүй, түрээсийн мөнгөө төлж дийлдэггүй тул нийтийн байрны орцонд, эсвэл гэрээр үйлдвэрлэлээ явуулдаг байна. Өөрөөсөө гадна 2-3 иргэнийг цалинжуулдаг. Сүүлийн үед ажилчдаа цалинжуулах аргагүй болж байгаа нь үйлдвэрлэсэн бараа нь борлогдохгүй болсонтой холбоотой. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн барааг гадаадын хөрөнгө оруулалттай компани, төр худалдан авахад анхаарахыг хүслээ. Тэд ажлын бээлийнээс эхлүүлээд цагдаагийн дүрэмт хувцас зэргийг хийх боломжтой. Өрх гэрээр үйлдвэрлэл явуулж байгаа иргэдээ нэгдсэн бодлогод оруулж, ажлын байрыг нь гаргаад өгчихвөл ажиллах хүч хангалттай байгааг тэд хэлж байна. Ингэж чадвал цагдаагийн дүрэмт хувцсыг дотооддоо богино хугацаанд хийж, нийлүүлэх бүрэн боломжтой гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн тодотгосноор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд түүнд оролцсон эмэгтэйчүүдийн 23 хувь нь зээлийн хүү хэт өндөр байна гэж хариулжээ. Үүнээс үзэхэд жижиг бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь эргэлтийн хөрөнгө болж буй юм байна. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээл нь Хөдөлмөрийн яам, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дэмжээд жижиг, дунд бизнесийн зээл олгохыг нь зөвшөөрөхөөр банкинд ирээд зээл авах боломжоо хязгаарлуулдаг гэнэ. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв.
Эцэст нь чуулга уулзалтаас зөвлөмж гаргалаа. Үүнд Түрээсийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, энэ талын хууль эрх зүйн орчинг бий болгох. Үндэсний үйлдвэрийн худалдааны төв байгуулах, түүнийгээ бизнес инкубатор төвтэй холбох. Жижиг, дунд бизнес эрхлэлтийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бага хүүтэй, урт хугацаат зээл олгох. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг ажлын байраар хангавал тухайн компанид урамшуулал олгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн барааг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд худалдан авах эрх зүйн орчинг бий болгох. ЖДҮ эрхлэгчийг даатгалд хамруулах, алслагдсан бизнес эрхлэгчдэд тээврийн цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх, орон сууцны найман хувийн зээлд хамруулдаг болох боломж бололцоог олгох гэсэн саналуудыг тусгаж, үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө УИХ дахь эмэгтэй гишүүд бодлогын төвшинд ажиллахаар боллоо.
Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх намар дахин зохион байгуулахаар болсон юм.
Г.ДАРЬ