УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой талаараа хуралдсан. Тэгвэл энэ талаараа өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өгсөн бөгөөд хэвлэлийнхнээс тавьсан зарим асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Улсын өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд байлгах, Засгийн газрын баталгаа 20 хувь байх гэдэг чинь тус тусдаа юм уу. Нийлээд 70 хувь байна гэсэн үг үү?
-Бондын мөнгийг төсөвт оруулах тухай яриа явж байгаа. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн асуудал биш. Өрийн удирдлагын хууль өргөн баригдсан. Уг хуулинд энэ бүх асуудлыг тусгасан байгаа. Одоо орж ирэх төсвийн тодотголд өрөө хэрхэн дарах вэ гэдгээ гүйцэд тусгах ёстой, Хөгжлийн банкны мөнгө, бондыг төсөвтэйгээ хэрхэн уях талаар ч тусгах ёстой. Өрийн удирдлагын хуулинд зээлийн дээд хэмжээг 70 хувьд байлгахаар оруулж ирсэн, Засгийн газрын баталгааг 20 хувьд байлгах гэж тусад нь оруулж ирсэн. Энэ хоёр тусдаа асуудал. Эдийн засгийнхаа боломжийг хаачихаад зөвхөн төсөв дээр хэрүүл хийгээд сууж байгаа нь бидний ирээдүй биш. Улс орон бүрт өрийн хэмжээ янз бүр байдаг. Бидний хувьд 40 хувиар хязгаарласан байгаа. Эдийн засгийнхаа боломж байгаа дээр үйлдвэрээ байгуулах, мал аж ахуй хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй.
-С.Баярцогт УИХ-ын чуулганы хуралдаан дээр МАН-ыг засагт урих шаардлага байгаа талаар онцолсон. Үүн дээр АН ямар байр суурьтай байгаа вэ?
-Намын бүлэг тийм байр суурь илэрхийлээгүй. Илэрхийлэх ч үгүй. С.Баярцогтын хэлсэн үг хувь гишүүний байр суурь байсан. Ардчилсан нам ч өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлж байна.
-100 хоногийн дараа үр дүн гараагүй бол Засгийн газрыг огцруулна гэсэн үг үү?
-Хэрэв энэ хугацаанд үр дүн гарахгүй бол Засгийн газар энэ бүтцээрээ үр дүнд хүрэхгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнээс биш АН хэн нэгний хөндлөнгийн хатгалгаар асуудалд хандахгүй. Хариуцлагаа өөрсдөө хүлээдэг байх ёстой.
-Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь шийдэгдэх барилгууд дотор конторын барилгууд нэмэгдсэн гэсэн үнэн үү?
-2015 оны үлдэгдэл обьектэд гэрээ хийгдээгүй тендер зарлагдаагүй байгаа обьектууд орсон. Үүнд конторын барилга байхгүй. 2015 онд ажил нь шилжсэн зарим өндөр үнэтэй барилгууд орсон байгаа. Гэхдээ үүнийг шийдэх эрхийг нь засгийн газарт өгчихсөн.
Б.ЭНХ