Пауэрлифтингийн Азийн аварга О.Сугар: Бэлтгэлийн үеэр 200кг-ийг хэвтээгээс шахаж байсан
Филиппин улсад болсон Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны тамирчин оролцсоноос манай баг тамирчид 13 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Энэ тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн “Grand gym” фитнес клубийн дасгалжуулагч О.Сугартай ярилцлаа.
-Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Ямар ямар амжилт үзүүлж байв?
-Пауэрлифтингийн спортоор хичээллээд хоёр жил болж байна. “Стронг” болон “Grand gym” клубуудын нэр дээр тэмцээнд ордог. Хоёр жилийн өмнө найз нартайгаа хамт биеэ хөгжүүлэх үүднээс “Стронг” клубт явж эхэлсэн. Хэдэн сарын дараа найз нар маань идэвхгүй болж, би үргэлжлүүлж ганцаараа явж эхэлсэн. Тэгэхэд дасгалжуулагч Ш.Чанрав надад анх пауэрлифтингийн спортын тухай ярьж өгсөн. Өмнө нь ч гэсэн ах нарыг хийж байхад харж байсан болохоор шууд таалагдсан. Ингээд хичээллэж эхэлсэн.
Хичээллэж эхлээд гурван сарын дараа анхны тэмцээндээ орсон ч туршлага муутай байсан болохоор амжилт үзүүлж чадаагүй. Харин хоёр дахь тэмцээнээсээ медалийн тавцанд зогсож эхэлсэн. Зүүн бүсийн, Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах гээд гурван тэмцээнд амжилттай оролцсон. Ингээд сая Филиппинд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт хүртлээ. Амжилт үзүүлсэндээ баяртай байгаа.
-Энэ спортоор хичээллэдэггүй залууст хандан пауэрлифтингийн сайхан нь юундаа оршдог талаар ярьж өгөөч?
-Бие тэгш хөгжиж, бяртай болно. Хичээллэж байхад тайвширдаг, кайф, эрч хүч авдаг. Өөртөө итгэлтэй болдог. Би одоо 21 настай. Хэдэн нас хүртлээ ч хичээллэж болдог онцлогтой спорт. Миний багш, дасгалжуулагч Х.Энхболд гэж мундаг хүн байдаг. Монголын пауэрлифтингийн тамирчид бүгд хүндэлдэг хүн. Энэ хүний удирдлаган дор хичээллэж амжилт гаргаж байна.
-Сая болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн кг-ийг өргөж аварга болсон бэ. Ер нь энэ тэмцээнийхээ талаар яриач?
-Эхний суултын тэмцээндээ гурвууланг нь нойллуулсан. Техникийн алдаа гаргасан гэж үзсэн. Энэ нь сэтгэл зүйд нөлөөлсөн. Таталтын тэмцээнд бас нойллуулсан. Цаг агаар өөрчлөгдсөн, идэж ууж байгаа зүйл ч өөрчлөгдсөн. Их хүнд байсан л даа.
Харин гурав дахь тэмцээн болох хэвтээ шахалтаа баараггүй хийсэн. Би ер нь шахалтаа ямар нэгэн алдаагүй гүйцэтгэдэг. Өмнөх тэмцээнүүдэд хэвтээ шахалтаар медаль хүртэж байсан. Хэвтээгээр 160кг-ийг шахаж алтан медаль хүртсэн. Миний найз Түвжид маань 130кг шахан хоёрдугаар байрыг эзэлсэн. Миний хувьд өмнө үзүүлж байсан амжилтуудаасаа тааруухан шахсан л даа. Бэлтгэл, тэмцээн хоёрын сэтгэл зүй шал өөр. Бэлтгэлээ сайн хийчихээд тэмцээнд муу амжилт үзүүлдэг тамирчин байна, бэлтгэлээ муу хийчихээд тэмцээнд амжилт гаргасан нь ч байна. Бэлтгэлийн үеэр 200кг шахдаг. Гэхдээ түрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Хэдэн кг жинтэй вэ. Хүн ер нь өөрийн биеийн жингээс хэд дахин хүнд ачаа өргөх чадалтай байдаг юм бэ?
-Би 74кг жинтэй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд миний жингийн тамирчид 220кг хүртэл шахдаг. Сууриа зөв тавибал ер нь хэнд ч боломж бий.
-Энэ удаагийн тэмцээнийхээ зардлыг хаанаас олж явсан бэ?
-Пауэрлифтингийн спорт маань Монголд дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир тэмцээний зардлаа өөрөө гаргасан. Ирэх 9 сард Унгар улсад Залуучуудын ДАШТ болно. “Жигүүр гранд” групп ивээн тэтгэнэ гэж хэлсэн байгаа.
-“Гранд жим” клубт дасгалжуулагч хийдэг юм байна. Хичнээн шавьтай вэ?
-Шавь нар бий. Харин пауэрлифтингийн шавь бол одоогоор байхгүй байна. Яваандаа шавьтай болох биз ээ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулж байгаа нь