НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу зарим нэг захыг хотоос гаргахаар болсон. Үүний хүрээнд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, дээрх цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаанаас гадна авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын үзлэг, оношилгооны төв, татвар, даатгал зэрэг төрийн болон бусад байгууллагын салбар, төвүүдийг төвлөрүүлэхээр болсон. Мөн авто засвар, угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг бүх төрлийн үйлчилгээг явуулах юм байна.
Цогцолборын автомашины худалдах талбайг хүнд даацын, суудлын тэрэг худалдах гэж ангилах юм байна. Суудлын тэрэг худалдах 18 метр квадрат бүхий тайлбайн үнэ дөрвөн сая, том оврын автобус, хүнд даацын ачааны машин худалдах талбайн хэмжээ 72 метр квадрат нь есөн сая төгрөг гэнэ. Машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж энэ сарын 14-31-ний хооронд захиалгаа өгөх гэнэ.Харин зургадугаар сарын 2-ноос эхлэн нээлттэй захиалга авч, сонирхсон иргэдтэй зогсоол эзэмших гэрээ байгуулах аж.
АВТО ЗОГСООЛ АВАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Өргөдөл
2. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчилсэн хуулбар, иргэн цахим үнэмлэхний хуулбар
3. Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт зэрэг автомашины бизнес эрхэлж байгааг нотлох баримт
4. Авто зогсоолын кадастрын зураг
5. Төлбөрөө төлсөн баримт
6. Гэрээ байгуулах эрхтэй хүнийг төлөөлж ирсэн бол итгэмжлэл болон эрх олгосон баримт Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж Чингэлтэй дүүргийн IV хороо, нийслэлийн засаг захиргааны IV байрны 702, 703 тоотод очих гэнэ.
О.САР