С.Баярцогт төслөө хэлэлцүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

С.Баярцогт төслөө хэлэлцүүлсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт Хуулийн төслийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан юм.

Төсөлд тусгасан үзэл баримтлал нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл хэлэлцэж, санал хураах үед УИХ-ын гишүүн өөр хүний кнопыг дарвал хариуцлага хүлээлгэхээр тусгаад байгаа юм байна.

УИХ-ын гишүүн нь бусдын өмнөөс дур мэдэн кноп дарж, санал хураалтад нөлөөлөх оролдлого хийгддэг. Эл асуудлыг хууль зүйн хүрээнд хязгаарлах тухай асуудал хөндөгдөж байсан юм. Мөн УИХ-ын гишүүд товлосон цагтаа УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд ирдэггүйгээс хуралдаанууд хойшлох, цуцлагдах тохиолдол олонтаа. Тиймээс УИХ-ын гишүүдийн ирцийг хангах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар тус бүр хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлж байсан ч хэлэлцүүлгийн шатанд бусдын өмнөөс кноп дарахыг хориглосон заалтыг хассанаар төсөл санаачлагчид хуулийн төслөө татаж авсан юм. Харин энэ удаад УИХ-ын гишүүн С.Баярцогт үүнтэй агуулга нэг төсөл өргөн мэдүүлсэн ч хэлэлцүүлгийг нь өнөөдөр хийхээс татгалзаад байна.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж