Төсвийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Төсвийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ч.Улаан болон ажлын хэсгийн гишүүд, мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчид оролцов.

Сангийн сайдын онцолсноор оруулж ирсэн төсвийн тодотголд 150 гаруй обьектын хөрөнгө оруулалтын зардлыг тусгахаар болж буйн зэрэгцээ урсгал зардлыг нийт дүнгээр 40 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэсэн хөрөнгөнөөс гурван талт хэлэлцээрийн дагуу цалин хөлсийг нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнчлэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Энхболд хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого тасалдаж буйн учир шалтгааныг тодрууллаа. Үүнд Сангийн сайд Ч.Улаан “Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа, “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа, энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа” гэдгийг хэллээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг хэмнэлтийг яаж гаргаж байгаа, ялангуяа төсвийн хөрөнгө мөнгөөр сурталчилгаа явуулахгүй байхад хэрхэн анхаарч байгааг Сангийн сайдаас тодруулахад “Тэвчиж болох зардлын хүрээнд бараа, ажил, үйлчилгээний зардлыг нийт дүнгээр нь авч үзэхэд 15 хувиар хэмнэх тооцоо гарч байгаа. Төсөвт тусгасан “мэдээлэл, сурталчилгааны зардал” гэсэн хэсэгт нийтдээ 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсанаас одоогоор 4 тэрбумын үлдэгдэлтэй байгаа. Үүнийг 30 хувиар хэмнэж, нийтдээ 1 тэрбум 39 сая төгрөгөөр багасгахаар тооцсон” гэсэн хариулт өгөв.

Эцэст нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэнээр энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж