Ардчилсан намын бүлгийн зүгээс өчигдөр хуралдсан ээлжит хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон бөгөөд Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын хүрээнд өргөн баригдах хуулиудын талаар хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн аж.
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын 100 хоногийн гараагаа эхлүүлсэн энэ хугацааг нь УИХ-ын олонхийн хувьд хамгийн хариуцлагатай хугацаа хэмээн үзэж буй бөгөөд эдийн засгийн эерэг өөрчлөлт гарахгүй бол засгийг хэрхэх вэ гэдгээ шийднэ. Харин олонхийн хувьд энэ хугацаанд засгийг тогтвортой байлгах зарчимтай ажиллах гэнэ.
Мөн хуралдаанаар НӨАТ-ын босгыг 50 сая болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай талаар ярилцаж, НӨАТ-ын 2 хувийг нь иргэдэд буцаан олгох төслийг өргөн барих даалгаврыг, Тендерийн тухай хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхийг Засгийн газарт даалгахаар болжээ. Тендерийн үндсэн хугацааг 75 хоног байгааг хэт урт байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн бага үнийг санал болгож байгаагаас нь илүү хийж чадах компанид ажил өгөх гэнэ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараагаар нь “Эдийн засгийн хямрал үүссэн нөхцөл шалтгаан нь олон байгаа ч засгийн ямар ажилд алдаа гарсан, ямар бодлого удааширсан бэ гэдгийг эрүүлээр дүгнэх шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энд хөтлөгдсөн улс төрд хэт автаж болохгүй. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд олон хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэнэ, 300 гаруй лицензийг сэргээнэ. Хайгуулын хүрээнд 1-1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Уг нь энэ хуулийн төслийг улстөрийн намуудын талцал байлгамааргүй байна” гэж тодотгосон юм.
Төсвийн тодотголын төслийн хувьд цөөнх татан авахыг санал болгож буй бол АН дэмжих ёстой гэж буй аж. УИХ-ын 30-р тогтоолоор царцаасан төсвийг зайлшгүй төсөвт оруулах ёстой гэх үүрэг өгсөн бөгөөд энэ тодотгол нь дээрх тогтоолын дагуу орж ирсэн учраас УИХ зайлшгүй батлах ёстой гэв.
Мөн цааш нь “Засгийн газар дахин тодотгол өргөх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. УИХ нь өөрөө урсгал зардлыг 20 хувиар бууруулах даалгавар өгчихсөн юм чинь төсөвт тодотгол хийж л таарна” гэлээ.
Б.МАНДАХ