Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв” үүдээ нээгээд удаагүй байна. Үндэсний хэмжээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц, Монгол орны ургамал амьтны гаралтай хүнсний түүхий эд, материалын биологийн төрөл зүйлийн судалгаа, нийгэмд чиглэсэн үндэсний хэмжээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий лабораторийн үйл ажиллагаатай Байлгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан өнөөдөр танилцжээ. БОНХ-ийн Сайд С.Оюун, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд, Био аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төслийн үндэсний зохицуулагч О.Билгүүн, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү болон тус хорооны ажилтан Ж.Сонормаа нар лабориторид очсон байна.
Орчин үеийн, цоо шинэ лаборатори болох “Хүнс судлалын төв” нь химийн бүрдлийн судалгааны лаборатори, молекул биологи, генетикийн лаборатори, дархлал, зохицуулах үйлчилгээний судалгааны лаборатори гэсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх юм.Түүнчлэн хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлж, тодорхойлон шинжлэх юм.“Хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлдэг байна.Молекул биологи, генетикийн лабораторинь амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний удмын санг судлах, баталгаажуулах, хүнсээр дамжин эмгэг үүсгэгч бичил биетэнтэй тэмцэх, хянах талаар судалгаа хийх, шилжмэл гентэй хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэдгээрийн эзлэх хувийг өндөр нарийвчлалтай судлах боломжтой болж байгаа юм. Тус төвд дадлага туршлагатай 20 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байна.
Д.Цээнэ