Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд нийт 45712 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Үүний 21372 буюу 46 орчим хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэг аж ахуйн нэгжид ногдох орлого 2013 оны эхний улиралд 1153.1 сая төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 15.7 хувиар нэмэгдэж, 1334.2 сая төгрөг болсон байна. Энэ салбарын нийт борлуулалт /оны үнээр/ 2014 оны эхний улиралд 1893.3 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 4.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс жижиглэн худалдааны борлуулалт 25.2 тэрбум төгрөг буюу 3.3 хувиар буурч, бөөний худалдаа 29.8 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар өссөн талаар ҮСХ-ноос мэдээллээ.
Б.МИШЭЭЛ